| | USD/MNT 0₮
Засгийн газрын 280, 281 дүгээр тогтоолоор "Аяа" ХХК Байгалийн түүхийн музейг 400 сая төгрөгөөр нурааж дуусах гэж байна. Нүүрэн тал нь үлдсэн ганцхан хананы зураг өнөөдрийн голлох тренд байлаа. Улаанбаатар хотын 63 жилийн түүхийг харуулсан соёлын үнэт өв ийнхүү шороонд “булагдаж” байгаад харамсах хүн цөөнгүй. 2013 онд МХЕГ-ын дүгнэлтээр нурах аюултай барилгын тоонд оруулж, ашиглахыг хориглосон. Түүнээс хойш зургаан жилийн хугацаанд ганц ч засвар хийгээгүй болохыг эх сурвалжууд хэлж буй.
Үүнээс гадна музейн барилгыг 400 сая төгрөгөөр нураах тендерт шалгарсан компанийн захирал БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгтэй холбоотой болохыг ч үгүйсгэхгүй хэмээн Монгол туургатан төв холбооны тэргүүн Э.Одбаяр хэлж байсан удаатай. Тэрбээр “Улсын төв музейг маань буулгаж буй “АЯА” ХХК-ийн model4700 экскаватор нурааж ДИЙЛЭХГҮЙ байгаа учир нэмэлт төхөөрөмж өнөө шөнө оруулж ирэх гэж байна. Юу юугүй өөрөө нурах гээд байсан гэдэг нь үлгэр байсныг музей маань "өөрөө нотолж" харууллаа” хэмээн твиттерт жиргэжээ. За яахав, ингээд их хотын түүхийг харуулах нэгэн барилга үгүй боллоо. Харин дараагийнх нь УДЭТ, УДБЭТ-ын барилга гэх мэдээ олон нийтийн дунд түгж эхэллээ. Учир нь БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Ирэх 2020 оны улсын төсөвт Үндэсний төв номын сан, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын барилгыг шинээр барихад нийт 12 тэрбум төгрөг суулгасан” хэмээн ярьж байсан. Харин энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “2020 оны төсөвт тавьсан хориг дотор 1 музей, 2 театрыг шинээр барих асуудал байгаа. Барих асуудал нь 3 жил үргэлжлэх тул дараагийн УИХ шийдэг гэдгээр хориг тавьсан. Ирэх 7 хоногт хориг хүлээж авбал СҮХДҮҮЛЭХГҮЙ гэсэн үг” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Энэ мэтчилэн нийслэлчүүд улсынхаа түүхэн дурсгалт, соёлын өв болсон барилгуудаа нураасаар байгаад дуусгах нь ээ.
Дараагийнх нь УДБЭТ, УДЭТ-ын барилгууд уу?