| | USD/MNT 0₮
Сант марал сан болон Азийн сангаас 2019 оны "Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа"-г танилцууллаа. Судалгааны дүнд сүүлийн 14 жилийн хугацаанд “авлига нь манай улсад түгээмэл үзэгдэл” болсон гэдэгтэй судалгаанд оролцогчдын үргэлж 80-аас илүү хувь санал нийлнэ гэж хариулж байсан бөгөөд 2019 онд энэ тоо хамгийн дээд цэг болох 93.6 хувьд хүрсэн байна.
Энэ талаар тус сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати мэдээлэхдээ “Өрхүүдээс авлигатай холбоотой хувийн туршлагын талаар цуглуулсан мэдээллээс харахад илүү өөдрөг үр дүнг харагджээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн 14 жилийн хугацаанд жижиг авлигын тохиолдлын хувь буурчээ. Бүх оролцогчид судалгааны ажилтанд ийм төрлийн мэдээллийг ил гаргахад бэлэн биш байдаг тул бодит тохиолдлын тоо арай өндөр байх магадлалтай хэдий ч жил ирэх тутам ерөнхий бууралт ажиглагдаж байгааг энд онцлох нь зүйтэй. Өрхийн түвшний авлигын тоо, хэмжээ эрс буурсан харагдаж байгаа бөгөөд 2019 онд түүврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлсэн ч авлигын жижиг хэргүүдийг баталгаажуулахад тус болоогүй. Тиймээс 2019 оны судалгаа нь СМС-ийнжижиг авлигын талаарх тоон судалгааны эцсийн судалгаа гэж тэмдэглээд ирээдүйд түүний үр нөлөөг зөвхөн чанарын судалгаагаар үнэлэх нь зүйтэй. Үүний зэрэгцээ хувийн туршлагаараа дамжуулан авлигад өртсөн гэж мэдээлэх судалгаанд оролцогчдын тоо мэдэгдэхүйц буурч байгааг нэмж дурдах шаардлагатай” хэмээн онцоллоо.
Түүнчлэн “Жижиг авлига 28 хувиас 3 хувь болж буурсан байхад авлига нь “ердийн үзэгдэл болсон” гэдэгтэй санал нийлэх оролцогчдын тоо яагаад 93 хувьд хүрээд байна вэ? Жижиг авлигын тохиолдлын хувь буурч байгаа хэдий ч их авлигын талаар сонсох давтамж ихсэж байгаа нь үүнээс харагдаж байна” гэв.
Иргэдийн дийлэнх нь авлига “ердийн үзэгдэл болсон” гэдэгтэй санал нийлжээ