| | USD/MNT 0₮
-ХӨДӨЛГӨӨНИЙ БЭРХШЭЭЛТЭЙ Ч СЭТГЭЛИЙН БЭРХШЭЭЛ ҮГҮЙ Б.ЧУЛУУНДОЛГОР-
Хүний эрхийг хамгаалагч зоригтоноор “Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо” хэмээх өнөр өтгөн айлыг удирдаж, чиг шугамыг нь залж чиглүүлж яваа Б.Чулуундолгор гэх эмэгтэйг хэлнэ.
Түүнтэй уулзаж ярилцахаар утас цохилоо. Удаан дуудуулсангүй, утсаа авсан тэрбээр намдуухан дуугаар “Би ойрд ажил ихтэй, толгой өндийх завгүй л ажил дээрээ сууна. Гэхдээ чамд цаг зав гаргана. Манай ажил дээр хүрээд ирэхгүй юу даа” хэмээн их уриалгахан хэллээ.
Ингээд цаг товлож, “Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо”-ны ажлын оффис дээр очлоо. Хаалгаар оронгуут компьютерийн ард кеборд товшиж, ажлаа хийж суугаа хоёр тэргэнцэртэй эмэгтэй нүдэнд туслаа. Хүний эрхийн хуульч Арвинтариатай Б.Чулуундолгор ажил төрөл төлөвлөж байгаа бололтой цаана ярилцаж сууна. Намайг орж ирэхийг харсан тэрбээр “Наашаа орж ирээд сууж байгаарай, би удахгүй ээ” гэж инээмсэглэн толгой дохив.
Түүний ярилцлагыг хүлээх зуур ажлын байрных нь эргэн тойрныг нүдээрээ тойруулж ажваас их эмх цэгцтэй, эко бүтээгдэхүүн олонтой, ажлын байрныхаа жижиг самбар дээр хийх ажлаа, хэлэлцэх асуудлаа тодорхой бичээд наасан байхыг нь харахад эдний хамт олон их ажилсаг нямбай чамбай, хариуцлагатай хүмүүс байдаг бололтой. Үүдэндээ сонингийн цаасаар эко бүтээгдэхүүн урладаг өрөөтөй аж. Нэг эмэгтэй оргилуун дарсны уутыг цаасаар урлаж толгой өндийлгөх завгүй сууна.
Монголд бүртгэлтэй 10 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болсон тэд бусдынхаа эрх ашгийн төлөө амсхийх завгүй ажиллаж, төлөвлөгөө боловсруулж сууна.
Намдуухан ярьдаг, нүдээрээ инээмсэглэдэг Б.Чулуундолгорын хувьд хэнд ч хэлэх гэснээ хэлж ойлгуулж чаддаг, ажлаа часхийтэл хийчихдэг нэгэн аж.
Удалгүй гаднаас нэг ах хэвлэлтээс дөнгөж гарсан болов уу гэмээр задлаагүй гарын авлага хоёр гартаа барьсаар мэнд мэдэн орж ирэхийг харсан Б.Чулуундолгор “Өө ашгүй дээ, хүсэн хүлээсэн бүтээлийг минь аваад ирэв үү” гэсээр баярлаж угтах нь тэр.
Нэг ажилтан нь хүлээстэй цаасыг хайчилж “Хүртээмжтэй нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ” гэсэн гарын авлагыг гаргаж ирж, хүн бүрт сонирхуулж үзүүлж, “Цаас нь сайн юм. Гоё гарын авлага болжээ, сэтгэлд хүрчээ” хэмээн хоорондоо ярих нь бөөн баяр хөөр, урам зориг.
Уг ном нь тус холбооны гаргасан долоо дахь гарын авлага ажээ. Энэ холбоо хийсэн ажил олонтой, хэлэлцэж шийдвэрлүүлсэн бүтээл арвинтай аж. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг олон холбоо, төрийн бус байгууллага бий. Тэдний дунд хамгийн их идэвхтэй, хүчтэй, санаачлагтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа нь “Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо” юм.
Холбоог удирдаж байгаа Б.Чулуундолгор хөгжлийн болон тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө дуу хоолойг нь төрд хүргэж, тэдний төлөө зориулагдах ёстой бодлого боловсруулахын зэрэгцээ эрх ашгийг нь хамгаалахаар хичээж зүтгэж яваа зоригтой зорилготой бүсгүй. Нийслэлд төдийгүй таван аймагт салбар хороодтой, нийт 20 гаруй сайн дурын ажилтантай энэ холбоог тэрбээр сайн удирдаж, сайн зангидаж авч явна.
Хөгжлийн бэрхшээлтэй ч хөдөлмөр эрхлэх чадвартай иргэдийг ажлын байраар хангах, хөдөлмөрийн биржид бүртгэх, ажилд сургах, дадлага туршлагатай болгох, чадвар чадавхыг нь сайжруулахын тулд амрах цагаа багасгаж, ажиллах цагаа нэмэгдүүлж, өдөр шөнөгүй компьютерийн ард сууж, бичиг цаас хөтлөх, албан бичиг боловсруулах гээд түмэн завгүй, ачаалал ихтэй байдаг гэнэ. Тус холбоо нь илүү мэргэшсэн байгууллага байх зорилготой ажилладаг. Тодруулбал, хоёр үндсэн чиглэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчныг бий болгох, нөгөөх нь эрүүл мэндийн үйлчилгээг нь сайжруулах зорилготой.
Б.Чулуундолгорын хувьд холбоог 2005 онд анх үүсгэн байгуулагдахад Удирдах Зөвлөлийн гишүүнээр орж ажиллав. Ингээд 2006 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Олон улсын байгууллагын Европыг хариуцсан тэргүүн, Дэлхийн зөвлөлийн гишүүн, ноён Жиампьеро Гриффо багшийн удирдлага дор болсон “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн чиглэлийн конвенци хэрхэн боловсруулах, хэрхэн өөрийн оронд батлуулах” тухай сонирхолтой сургалтанд сууснаар өргөн боломж өөртөө байгааг олж харжээ. Тэгээд тэр жилдээ Италийн АИФО төрийн бус байгууллагаас зохион байгуулсан “Төрийн бус байгууллагуудын менежерүүдийг чадваржуулах” сургалтанд хамрагдсанаар төрийн бус байгууллагад ажиллах том суурь мэдлэгийг олж авч, 2007 оноос эхэлж холбоог удирдаж, өнөөдрийн байдлаар 12 жил ажиллахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, олон ажил санаачилж хийсэн амжилттай. Тэднийхээ хүртээмжтэй орчныг бий болгохын төлөө тэмцэж яваа эмэгтэй.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй үйлчлэх галт тэрэгтэй болсон
Энгийн иргэд сайн мэдэхгүй байх. Тухайлбал, 2015 онд “Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо”-ны санаачлагаар Зам тээврийн яамтай хамтран тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй үйлчлэх галт тэрэгтэй болжээ.
Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үйлчлэх автобустай болохоор хотын удирдлагуудтай ярилцаж, санаа оноо нь ажил хэрэг болж байгаад тэрбээр баярлаж байв. Хүний эрхийн мэдрэмжтэй хотын удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ойлгож байгаад тэрбээр талархаж буйгаа илэрхийлэв.
Мөн хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө хийсэн бодит бас нэг бодит ажил нь Улаанбаатар хотын зам. 2006 онд Явган хүний замын стандарт батлагдаж гарсан. 2009 оныг хүртэл тийм стандартын талаар мэддэг хүн цөөхөн байлаа. Мерси Кор, Айфо олон улсын байгууллагуудтай хамтран стандартыг хэрэгжүүлэх талаар ажиллаж эхэлсэн. Жилээс жилд энэ байдал нь эрс сайжирчээ. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих зам саадгүй болсон гэж хэлэхгүй. Таван жилийн өмнөхтөй харьцуулах юм бол харьцангуй дээрдсэн. Байгууллага бүхэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орц, гарцтай байх ёстой гэдгийг ойлгодог ч хэрэгжүүлэлт дээрээ жаахан дутагдалтай байгаа талаар ярилаа.
Одоо шинэ он гаргаад тус холбоо нь “Нээлттэй нийгэм форум”-ын хуульчтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд хүчирхийллийн асуудлаар эрхзүйн туслалцаа үзүүлэх хөтөчийг бэлтгэх сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Өнгөрсөн жил нөхөн үржихүйн эрүүл мэндээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд судалгаа хийхэд хүчирхийлэлд их өртдөг байдал их гарсан тул энэ ажлыг хийхээр төлөвлөжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эмнэлэгт хамгийн ойрхон хүмүүс гэж бодож байна уу. Гэтэл үгүй юм. Эмнэлгийн үйлчилгээ авч чаддаггүйгээс болж өвдөх, өвчин нь даамжирсан асуудал их байдаг гэнэ. Бусадтай адилхан үйлчилгээг бүрэн дүүрэн авч чаддаггүй. Нөгөө л саадгүй орчин, ариун цэврийн өрөө болон эмч нартай харилцаа үүсгэж чаддаггүйгээс болж эмнэлэгт очихоос тэд төвөгшөөдөг аж. Тиймээс хэдхэн хоногийн өмнө НЭМГ-аас хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг эмнэлгийн иж бүрэн эмчилгээ оношилгоо шинжилгээнд хамруулжээ.
Хүүхэд байхдаа ээжийнхээ мэргэжлийг өвлөж эмч болно гэж мөрөөддөг байв
Түүний хувьд хүүхэд байхдаа автын осолд орж хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Хатуу боловч агуулгын хувьд тахир дутуу гэсэн үг нь илүү оновчтой гэж ярилаа. Тэрбээр “хөгжлийн бэрхшээл” гэдэг үгэнд их дургүй. Яагаад гэвэл хөгжихгүй мэт ойлголтыг олон нийтэд төрүүлдэг гэнэ. Гэвч өнөөдөр их дээд сургуулийг дүүргэж, дээд боловсрол эзэмшиж, удирдах албан тушаал хашиж, ажил хөдөлмөр эрхэлж бусадтай адилхан сайн сайхан амьдарч, айлын гэргий, гэрийн эзэн болсон өчнөөн хүн бий. Тэдний нэг Б.Чулуундолгор халамжит сайхан ханьтай, хайртай хөөрхөн хүүтэй, хариуцлагатай эзэгтэй. Тэргэнцэр дээр гоо үзэсгэлэн гоё мэдрэмж, ажил хөдөлмөр, хүсэл мөрөөдөл, хүн чанар, хүнлэг сэтгэл байдаг гэдгийг харуулж яваа даруухан хэрнээ дайчин бүсгүй. Тэргэнцэртэй гэдгээрээ тэр хэн нэгэнд өрөвдүүлэхийг хүсээгүй. Гагцхүү эрх тэгш нийгмийг хүсч, ялгаварлан гадуурхахгүй, өрөвдөхгүй байхыг л хүссэн.
Б.Чулуундолгор ээжийнхээ мэргэжлийг өвлөж эмч болох хүсэл мөрөөдөлтэй хүүхэд байж. Хэлж ирдэггүй хийсч ирдэг гай зовлонгоор осолд орж, насан туршийн тахир дутуу болох хатуу хувь заяаны эзэн болжээ. Гэхдээ тэрбээр амьдралын төлөө нугараагүй нуруу, хугараагүй хатан сэтгэл юм. Их сургуулиа хөгжлийн бэрхшээлтэй болсны дараа амжилттай төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй тэрбээр мэргэжлийнхээ дагуу ажиллахаар ХААН банкнаас эхлээд төрийн олон байгууллагуудад анкет бөглөсөн ч ажиллах орчин байхгүй гэсэн шалтгаанаар “хаалт” тавиулдаг байжээ. Хүүгээ ч мөн хөдөлгөөний бэрхшээлтэй байхдаа төрүүлсөн. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар өөрт нь ямар их бэрхшээл тулгарч байсныг тэр хүүгээ халуун хэвлийдээ тээж байхдаа бие сэтгэлээрээ хангалттай мэдэрчээ.
Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгэмд тэгш эрхтэй байх ёстой гэж ойлгож хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага руу эргэлт буцалтгүй орж, өдий хүрчээ. Түүний хувьд ажилласан жилүүдийнхээ туршлагыг эргээд харахад өөрт учирсан саад бэрхшээлээ давахын тулд, бусдаас хараат бус амьдрахыг хүсч, биеэ даасан бүхэн нь түүний ажлын туршлага болжээ. Түүний амьдрал ажлын туршлагатай болгожээ.
Б.Чулуундолгор “Иргэний нийгмийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс цалин хөлс хангамж харж ажилладаггүй. Ихэвчлэн сайн дурын үндсэн дээр буюу сэтгэлийн дуудлагаар ажилладаг. Хэн бүхэн ийм ажлыг хийгээд байдаггүй юм. Чин сэтгэлтэй хүмүүс хүний эрхийн чиглэлээр ажилладаг. Түүнээс улстөрч, бизнесмэн хүмүүс байдаггүй. Өнөөдөр бид гарын авлага гаргачихаад үнэхээр их баярлаад сууж байна. Үүнээсээ л урам авч ажилладаг” гэв.
Нийгэмд тэгш эрх, тэгш харилцааг хүсч байна
Б.Чулуундолгор “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нас минь хөдөө сумандаа өнгөрсөн. Тухайлбал, 1991-1992 оны үе юмдаа. Сумандаа бараг ганцаараа л хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэр суудаг нэгэн нь байсан байх шүү. Тэргэнцэртэй байдлаасаа ичээд гэрээсээ гардаггүй байсан. Үсээ тайруулахаар үсчинд орохоор үсчин нь хүртэл гайхаж дээрээс доош нь гүйлгэж хараад их эвгүй санагддаг байсан. Одоо бол нийгэм, олон нийтийн хандлага өөрчлөгдөж байна. Гэхдээ шилжилтын шатандаа явна. Бид хүн учраас бусдад өвөрдүүлж хайрлуулахыг хүсэхгүй. Бусдын өрөвдсөн хандлага их тээртэй санагддаг. Тиймээс нийгэмд тэгш эрх, тэгш харьцааг л хүсч, ийм харилцаа боломжийг бий болгохын төлөө тэмцэж ирсэн байна.
Миний амьдралдаа баримталдаг зарчим бол зөв явах, хүн байхыг эрхэмлэдэг. Жижиг ч гэсэн ажлыг “тултал” нь хийхийг хүсдэг. Бид энэ гаргасан гарын авлагаа анх сурталчилгааны танилцуулга хийнэ гээд ярьж байгаад ийм хөөрхөн гарын авлага бүтээгээд хийгээд гаргачихсандаа сэтгэл дүүрэн байна” хэмээн ярих нь түүний ажилдаа ямар сэтгэлтэй, ямар хариуцлагатай ханддагийг илтгэнэ. Тэргэнцэртэй байлаа гээд тэр нийгмээс тусгаарлагдаж, “хүн” гэсэн нэр, утга учраа гээж, алдаагүй хатуужилтай эмэгтэй. Шантрах зам түүнд олон байсан. Гэхдээ бууж өгөөгүй, буцаж хариагүй өнөөдрийн өндөрлөгт өгсөж, хүрч чаджээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хууль, дүрэм журмаа эргэж хар, эрх баригчдаа
Сүүлийн жилүүдэд улс болон эрх баригчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилтай орлоготой байлгах тал дээр анхаарч, бодлого боловсруулж, хууль санаачилж байгаа ч бодит байдал дээрээ хэрэгжилт нь тааруу байгааг Б.Чулуундолгор шүүмжилсэн юм. Хүний эрхийн салбарт хийх ажил их, шийдвэрлэх зүйлс олон байдаг байдаг. Гарцуудыг нь тэр олж харж чаддаг.
Харин батлагдаад гарсан хуулийг хэрэгжүүлэхийг, эрх тэгш нийгмийг бий болгохын тулд илүү ажиллах ёстой гэдгээ ойлгожээ. Гэхдээ шийдвэр гаргагчид тэдэнд зориулсан тушаал, дүрэм журам гаргаад тэр нь яагаад хэрэгжихгүй байгааг эргэн нэг хараарай.
Төрийнхөн дээрээ суугаад байдаг, асуудал нь энд өрнөөд байгаад байна. Түүнийг нь холбож өгөх гүүр нь Б.Чулуундолгор юм шүү.
Нэр хүндтэй томоохон байгууллагуудаас түүнд өндөр цалин амлаж, ажиллах санал, боломж тавьж байсан ч тэр өөрийнхөө бүтээж босгосон ажилдаа үнэнч үлдсэн.
Энэ талаараа дахин ярихдаа “Төрийн бус байгууллагадаа хийх ажил их. Цалин хөлсгүй байх нь хамаагүй ээ. Би урамшуулал авдаг. Гэхдээ хүнээс урам авч, зориг орно гэдэг юугаар ч илэрхийлэшгүй сайхан мэдрэмж. Нэгэнт хүний эрхийг хамгаалахаар нийгмийн байгууллагад гар, бие сэтгэл шулуудаж орсон учраас эндээсээ хэзээ гарахгүй ээ” хэмээн инээмсэглэх энэ эмэгтэйд төлөвсөн ажил, хийх ажил ч олон байна даа гэж бодно.
Хүний эрхийг бүрэн дүүрэн хэрэгжүүлнэ гэж байдаггүй. Гэлээ ч хүний эрхийг хамгаалагчдын хүсэл тэмүүлэл унтарч цуцах нь үгүй юмаа. Хүсэл зорилгынхоо 50 хувийг нь биелүүлж яваа Б.Чулуундолгороор бахархаад гарлаа, би.
Тухайлбал, 2015 онд “Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо”-ны санаачлагаар Зам тээврийн яамтай хамтран тулгуур эрхтэний бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй үйлчлэх галт тэрэгтэй болов. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үйлчлэх автобустай болохоор хотын удирдлагуудтай ярилцаж, санаа оноо нь ажил хэрэг болж байгаад тэрбээр баярлаж байв. Хүний эрхийн мэдрэмжтэй хотын удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ойлгож байгаад тэрбээр талархаж буйгаа илэрхийлэв.