| | USD/MNT 0₮

Төсвийн мөнгөөр туйлж, мөнгө завшсан хэрэгт холбогдсон ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хуулиас дээгүүр "загнасаар" байх уу, Л.Халтар сайд аа

“Бурхангүй газрын бумба галзуурна” гэгчээр хууль хүчнийхний дийлддэггүй нэгэн байгууллага байна. Тэр нь ИНЕГ-ынхан. Тус газрын удирдлагууд хариуцлагагүй, хууль бус үйлдлүүд гаргадаг ч хэн ч арга хэмжээ авч чаддаггүй нь нууц биш. Саяхан хөл хориотой байсан үед ИНЕГ-ынхан 15 саяар нохойны хоол худалдан авсан бол хоёр хоногийн өмнө 100 сая төгрөгөөр ариун цэврийн цаас, сальфетка авах тендер зарласан нь олныг шуугиулаад авсан.

Тэдний ёсзүйгүй үйлдлүүд үүгээр зогсохгүй. Өмнө нь тус салбарыг удирдаж бус эрх мэдэлтнүүд нь караокед тамхи татаж, шаардлага тавьсан ажилтны эрүүл мэндэд хохирол учруулсан, хүүхдүүдээ төрийн зардлаар гадаадад сургасан, УИХ-ын гишүүнд агсам тавьсан зэрэг мэдээлэл хэвлэлүүдэд бичигддэг ч тэгсхийгээд өнгөрдөг, хэн ч хариуцлага хүлээдэггүй.

Хуулийн дээгүүр гишгиж амьдардаг Л.Бямбасүрэн дарга “Цалингийн урамшуулал” нэрээр танил тал, төрлийн гэж болох хүмүүстээ тус бүр 50 сая төгрөг олгож, “Гүрэн” сургуулийн дансанд тус байгууллагаас Л.Бямбасүрэн даргын гарын үсгээр ихээхэн хэмжээний мөнгө шилжсэн зэрэг асуудал байгаа.

Тэгвэл уг газартай холбоотой баримтуудыг багцлан хүргэе.

БАРИМТ 1: ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төв 2020 оны арваннэгдүгээр сард 15 сая 970 мянган төгрөгөөр “НОХОЙНЫ ХООЛ” худалдан авчээ.

Аюулгүй байдал, хамгаалалтын албаны тусгай зориулалтын нохойны 7-12 сарын хэрэгцээнд 2000 кг бүтээгдэхүүнийг Франц улсаас зөөвөрлөн авчээ. Тус бүтээгдэхүүнийг “Скөүп” ХХК 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 20-ний дотор нийлүүлсэн байна.

БАРИМТ 2: ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн гурван аймгийн нисэхийн даргыг хууль бусаар ажлаас нь халав.

Тухайлбал, Дорнод, Увс, Завхан аймгийн нисэх онгоцны буудлын дарга нарыг өөрийн нам бус гэдэг шалтгаанаар 2016 оны сонгуулийн дараа ажлаас халж байжээ. Үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан гурван дарга шүүхийн байгууллагад хандаж, хууль шүүхээр удаан хугацаанд явжээ.

Харин гурван шатны шүүхээс дээрх аймгуудын нисэх онгоцны буудлын дарга нарыг ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гарсан юм байна.

Гэтэл ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн шүүхийн шийдвэрийг биелүүлж, Дорнод болон Увс аймгийн дарга нарыг ажилд нь томилохгүй гурван жил байсны эцэст өнгөрсөн жил томилжээ. Гэтэл тус хоёр даргыг ажилд нь томилоод 30 минутын дараа ажлаас нь дахиад халчихжээ. Дээд шүүхээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлсэн болоод эргээд бэлэн тушаалаар ажлаас нь халсан байгаа юм.

Ийнхүү аймгуудын нисэх онгоцны буудлын дарга нарын ажилгүй байх хугацааны цалин гэж 100 гаруй сая төгрөг гарсан юм байна. Гэтэл цалингийн нь мөн өгөхгүй гэж гүрийж байгаа бололтой. Уг нь хуулиараа бол ажилгүй байсан хугацааны мөнгийг Л.Бямбасүрэн гаргаж өгөх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл хэнээс хаанаас, юунаас гарах нь тодорхойгүй байгаа юм.

БАРИМТ 3: ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд холбогдох хэд хэдэн хэргийг АТГ-т шалгаж байгаа юм билээ. Түүний нэг нь “Гүрэн” гэх дээд сургуулийн удирдлагатай хамтарч хөрөнгө завшсан үйлдэл. Тэрбээр 2017 оны тавдугаар сарын 10-нд А/295 тоот тушаал гаргаж “олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат бүхий сургалтуудыг англи, монгол хэлээр зохион байгуулах” тендерийн үнэлгээний хороо байгуулсан байдаг. Тус хороон ь хууль журмаа зөрчиж “Гүрэн” дээд сургуулийг тендерийн ялагчаар тодруулж, 640 сая төгрөг шилжүүлсэн юм. Үнэлгээний хорооны дарга нь тус сургуулийн захирал Д.Дэмбэрэлдоржтой хуйвалдан “Цахим” дээд сургуулийг тендерт оролцсон хэмээн хуурамч баримт үйлдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон гэдэг.

Мөн 2017 оны наймдугаар сарын 01-нд ИНЕГ/УЗ/ТББ/Ү-18/17 дугаартай сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж 596 сая төгрөг завшсан болохыг “Баян сагсай аудит” ХХК-ийн гаргасан аудитын дүгнэлтээр тогтоосон бөгөөд эдгээр үйлдэлд нь Л.Бямбасүрэнд холбогдуулж Эрүүгийн хуулийн 17.42.1, 18.6-2.3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 180200021 дугаар хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан аж.

Энэ мэтчилэн цөөнгүй хэргүүд ИНЕГ-тай холбоотой. Гэвч хуулиас дээгүүр “загнадаг” тус газрын удирдлагууд өдийг хүртэл хариуцлагаас бултсаар байх уу, Л.Халтар сайд аа.

“Бурхангүй газрын бумба галзуурна” гэгчээр хууль хүчнийхний дийлддэггүй нэгэн байгууллага байна. Тэр нь ИНЕГ-ынхан. Тус газрын удирдлагууд хариуцлагагүй, хууль бус үйлдлүүд гаргадаг ч хэн ч арга хэмжээ авч чаддаггүй нь нууц биш. Саяхан хөл хориотой байсан үед ИНЕГ-ынхан 15 саяар нохойны хоол худалдан авсан бол хоёр хоногийн өмнө 100 сая төгрөгөөр ариун цэврийн цаас, сальфетка авах тендер зарласан нь олныг шуугиулаад авсан.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.