| | USD/MNT 0₮
Гаалийн ерөнхий газраас ноцтой зөрчлийг илрүүлжээ. Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсийн орох чиглэлд өчигдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн БНХАУ-ын иргэн E нь хятад иргэдийн олон тооны гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг олноор нь багцлан улсын хилээр авч, орж ирснийг гаалийн шалгалтаар илрүүлсэн байна.
Зөрчлийн тухай хуулийн дагуу гаалийн байгууллага холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, харьяаллын дагуу шилжүүлэх саналаа прокурорын байгууллагад хүргүүллээ.
Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газраас тодруулахад, "Эдгээр иргэдийн паспорт бичиг баримтыг шалгаж үзэхэд “Таван толгой шин” ХХК-ийн шугамаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын зөвшөөрлийн дагуу манай байгууллагаас “HG “буюу хөдөлмөр эрхлэхээр 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэд байна. Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэд бүрмөсөн нутаг буцах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй тохиолдолд хасалт хийлгэх үүрэгтэй байдаг. Үүний дагуу эдгээр иргэд нь Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж орж ирэхгүй учраас дээрх хууль, журмын дагуу паспорт дээр “хасав” тэмдэглэгээ хийлгэж, оршин суух үнэмлэхийг нь хураалгахаар “Таван толгой шин” ХХК-ийн ажилтан бичиг баримтуудыг оруулж ирсэн асуудал байна" хэмээн мэдэгдэв.
ХЯТАД ИРГЭДИЙН ГАДААД ПАСПОРТ, МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ ҮНЭМЛЭХИЙГ БАГЦЛАН НЭВТРҮҮЛСЭН НОЦТОЙ ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ