| | USD/MNT 0₮

Сургуулийн орчинд ямар нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалахыг хориглосон зохицуулалт байдаггүй

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 тоот тушаал “Тусгай дэглэмтэй хүн, нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын бага ангийн сургуулийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлд тавих шаардлага, түүнийг тогтоох журам”-ын гуравдугаар хавсралтад хоол үйлчилгээнд хэрэглэхийг хориглох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан байдаг. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 340 дүгээр тушаалаар сургууль цэцэрлэгийн орчинд худалдахыг хориглосон хүнсний жагсаалтад хийжүүлсэн ундаа, өнгө оруулсан ундаа, түргэн хоол зэргийг оруулсан. 

Гэвч дээрх жагсаалтад дурдсан  хоол, хүнсний бүтээгдэхүүн сурагчдын хамгийн ихээр хэрэглэдэг зүйлс байгаа юм. Сургуулиудын цайны газар, буфетэд жимс жимсгэнэ огт худалдаалдаггүй. Дээрх бүтээгдэхүүнүүд сургуулийн буфетэд байхгүй тохиолдолд хүүхдүүд сургуулийн ойролцоох дэлгүүрүүдээс чөлөөтэй худалдан авдаг. Иймд сурагчдын эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахын тулд сургуулийн буфет, цайны газраас гадна сургуулийн орчинд үйл ажиллагаа явуулж буй дэлгүүр, цайны газруудад дээрх бүтээгдэхүүнийг худалдаалахыг хязгаарлах арга хэмжээ авах шаардлагатай байгааг албаны хүмүүс хэлж байна. Тодруулбал, одоогийн байдлаар сургуулийн орчинд буюу сургуулийн гаднах бүсэд худалдан борлуулахыг хориглосон ямар нэгэн зохицуулалт байхгүй байгаа юм. Харин 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн 3.1.4-т ““сургуулийн орчин” гэж сургуулийн байр, дотуур байр болон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад заасны дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүнээс эргэн тойронд 150 метр хүртэлх газрыг ойлгоно” хэмээн зохицуулсан байна. Энэ хууль 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх бөгөөд тэр хүртэл зохицуулалтгүй хэвээр байхаар байна. 

МХЕГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Я.Батцагаан - Ер нь МХЕГ-аас сургууль, цэцэрлэгийн орчинд худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, худалдах, тээвэрлэх, хадгалах горим ямар байгааг улсын хэмжээнд шалгасан. Нийт 950 гаруй худалдааны газар хамрагдсан. Үүнээс 195 нь ТҮЦ байснаас 145 нь нийслэлд байлаа. ТҮЦ бол түргэн гэмтэж мууддаг хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зориулалттай худалдааны газар биш. Гэтэл ТҮЦ-д дүүргүүдээс зөвшөөрөл өгчихдөг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийхээр зөвшөөрөлтэй гэдэг. Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ явуулах журам гэж байх ёстой. Мөн ТҮЦ ажиллах журам байх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл аль аль нь алга. Үүнээс үүдэн сургууль, цэцэрлэгийн орчинд байгаа ТҮЦ-үүд эрх зүйн зохицуулалтгүйгээр дураараа үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. Сургуулийн орчинд яг тийм нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдахыг хориглоно гэсэн зохицуулалт ч байхгүй. 

МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаа - Сургуулийн үдийн цай хөтөлбөрөөр хүүхдэд өгч байгаа хоолны өдөрт авах ёстой илчлэгийн 15 хувийг авах ёстой. Тэр илчлэгтээ тохирсон уураг, нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнээр цэсээ боловсруулна. Өнгөрсөн жил мэргэжлийн хяналтын байгууллагаас сургууль, цэцэрлэгт өгч байгаа хүүхдийн хоолны илчлэг шим, тэжээллэг байдал ямар байгааг шалгасан. Нэг л цэсээр хоол хийдэг, нас насны онцлог тохирсон илчлэгтэй хоол өгдөггүй зэрэг зөрчлүүд илэрсэн.  Зөрчлийг арилгуулахаар холбогдох яамдад дүгнэлт, зөвлөмжүүдээ хүргүүлээд байгаа. 

СУДАЛГААНААС ХАРАХАД ДАРААХ ХООЛ, ХҮНСНИЙ ХЭРЭГЛЭЭ АНХААРАЛ ТАТАВ  (Эх сурвалж НЭМҮТ)

Ундаа - Сурагчдын 66 хувь нь ундааг байнга хэрэглэж байна. Ундаа хэрэглэдэг хүүхдүүдийн 56.8 хувь нь хийжүүлсэн ундаа, 33.5 хувь нь үйлдвэрийн өтгөрүүлсэн жимсний ундаа, 9.7 хувь чихэрлэг цайг (ice tea) хэрэглэж байна. Эдгээр ундаа нь сургууль цэцэрлэгийн орчинд хориглосон чихрийн агууламж ихтэй бүтээгдэхүүнүүд болно. Эдгээр ундааны оронд  шинээр бэлтгэсэн жимс, ногооны цэвэр, чихрийн агууламжгүй шүүс, цэвэр усыг худалдаалахыг зөвлөж байна. Зарим цэцэрлэг, сургууль цэвэр усыг үнэ төлбөргүйгээр олгодог бөгөөд сургууль дээр анги бүр цэвэр ус цэвэршүүлэгч байрлуулах нь хамгийн боломжтой арга юм.

Пирожки – Энэ бүтээгдэхүүн нь хямд үнэтэй, илчлэг өндөртэй тул сурагчид ихээр хэрэглэх шалтгаан болж байна. Уг бүтээгдэхүүний тосны агууламж 21.5 гр, давс 1.2 гр байгаа нь эрүүл бус хүнсний бүтээгдэхүүнд ангилалд хамааруулж байгаа ба сургуулийн орчинд худалдаалахыг хязгаарлах шаардлагатай байна. Пирожки шарахад удаан хэрэглэсэн ургамлын тос нь чанар нь муудаж транс тос болон хувирдаг байна. ДЭМБ-аас хүүхдийн хүнсэнд транс тосыг хэрэглэхийг хориглодог бөгөөд эрүүл мэндэд өндөр эрсдэлтэй тос юм.

Жигнэмэг, өрмөнцөр - Хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад орсон сахар, тослог (28.7 гр/100г) ихээр агуулсан өндөр илчлэгтэй (482.8 ккал/100г ) бүтээгдэхүүнүүд болох хрустик, монамур, контик, счастливый день, напелеон торт, кекс зэрэг бүтээгдэхүүнүүдийг сургуулийн орчинд ихээр худалдаалж байгаа ба эдгээр нь транс тос агуулдаг байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүн - Сургуулийн орчинд сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа хэдий ч сурагчдын дунд уг бүтээгдэхүүний хэрэглээ бага буюу 20 сурагч тутмын дөнгөж нэг нь сургууль дээрээ сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Сүүн бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн өсөлтөд чухал эрдэс бодисоор баялаг тул хэрэглээг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна. Зайрмаг нь чихрийн агууламж ихтэй, илчлэг өндөртэй (146.3ккал/100г) эрүүл бус хүнс тул сургуулийн орчинд худалдаалахыг хязгаарлах шаардлагатай байна.

Сургуулийн орчинд ямар нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалахыг хориглосон зохицуулалт байдаггүй
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.