| | USD/MNT 0₮
Сүүлийн үед иргэдийн сонирхлыг татаад байгаа ардкойны үүсгэн байгуулагч Ард санхүүгийн нэгдлийн үүсгэн байгуулагч Ч.Ганхуяг биткойнтой холбоотой асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Би ядуу улсын баян иргэн болохыг хүсээгүй ээ. Би энэ улсын хамгийн баян болохыг ч зориогүй. Түүгээрээ би бусдаас ондоо сэтгэдэг гэж боддог.
Би баян улсын иргэн байхыг энэ амьдралынхаа зорилгоо гэж томъёолсон. Баялгийн дахин хуваарилалтыг хийнэ гэж зорьсон. Түүнийгээ ил тодоор зарлаж байгаад хийсээр ирсэн. Ядарлаа гэж зогсоогүй. Томдлоо гэж эргэлзээгүй. Зүгээр л хийсээр ирсэн. Би баян Монголд итгэдэг. Ямартай ч ухамсартайгаар 23 жил зүтгэсний дараа би та бүхнийг итгүүлээд, нэгтгээд хөдөлгөж чадлаа гэж харж байна.
Үнэгүй тарааж байгаа АрдКойныг луйвар гэж хашгичиж байгаа хөөс судлаачдыг ойлгох ухаан надад хайрлана уу, бурхаан?
30 жил ард иргэддээ өгөөж өгөөгүй, тувт алдагдал үүрүүлж, итгэлийг нь бүрмөсөн алдчихсан, дампууруулаад алга болчихсон компанийн эздэд хэлэх үгээ надад хаяглаад байгаа нь ямар учир шалтгаантай юм бол? Ханцуйн дотроо хийдэг байсан хувьчлал нэртэй луйврыг Монгол Шуудангийн, Хэвлэх Үйлдвэрийн хувьчлалаар нэгмөр зогсоосон нь би биш юм уу?
Өнөөдөр Ардаар овоглосон бүх зүйлээс ашиг хүртээд ирсэн олон мянган хүнийг яагаад ингэж басна вэ? Олон нийтийн компаниуд ямагт алдагдалтай ажиллах ёстой байдаг юм уу?
Бүх компаниуд урамшууллын оноогоо тарааж, харилцагчийнхаа төлөө өрсөлддөг биш үү? Түүгээрээ бараа бүтээгдэхүүнээ санал болгодог биш бил үү? Түүнийгээ байнга рекламддаг бус уу? Ардын хүүхдүүд энэ наадамд ялж болохгүй юу?
Блокчэйн технологи дээр суурилсан урамшууллын оноог бид сэдсэн. Төсөл дээрээ одоо 5 жил ажиллаж ирлээ.
Бид одоо нэг саяулаа болчихлоо. Манай компанийн ашиг орлого тооцоолж байсны дагуу өсч, өндийлөө. Дагаад хувьцааны маань үнэ дээшээ тэмүүлж байна. Бид 300 тэрбумын үнэлгээтэй компани болж, хөрөнгийн зах зээлд манлайлж эхэлсэн. Бид Монголынхоо үрсэд 24 тэрбумыг бэлэглэх л болно. Бид гадаадад гацсан элэг нэгтнүүддээ 1 тэрбумыг өгөх л болно. Энэ чинь л нийгмийн хариуцлага юм - олсноосоо бусадтайгаа хуваалцахыг хэлдэг юм. Ингэснээр бидний ирээдүй улам батжих болно - Ардын харилцагчид илүү чинээлэг болно.
Бид хэнд ч АрдКойныг худалдаж ав гэж ятгаж, шахаж, зарж худалдаагүй. Эсрэгээрээ - хэрвээ зах дээрээс худалдаж авч байгаа бол алдах хэмжээндээ ав. Авсныгаа март гэж захиж байгаа. Богино хугацаанд биш урт хугацаанд үр өгөөж нь гарна - Ард Санхүүгийн Нэгдлийн бүх компаниуд үйл ажиллагаагаар баталгааждаг юм. Бид гадагшаагаа гарна. Бид банкны эзэд нь болно. Бид хэлсэн бол хийдэг. Хэлэхээсээ өмнө судалж, тооцдог юм.
Би анхнаасаа л хэлж байгаад хийсээр ирсэн. Олноосоо нууж хаах юм хэзээ ч байгаагүй. Хийхдээ тултал нь хийдэгээ.
Би энэ улс орондоо, энэ ард түмэндээ анхных нь хадгаламж зээлийн хоршоог байгуулж өгч байсан. КИДАН буюу Coalition of Youth for Development and Networking.
Би анхны банк бус санхүүгийн компанийг нь байгуулж байсан. Хөгжлийн Алтан Сан буюу Х.А.С. Одоо тэр маань ХасБанк гэж танигдсан.
Би анхны лизингийн компанийг байгуулсан. ХасЛизинг.
Бид анхны ипотекийн корпорацийг байгуулж байсан. МИК.
Би анхны санхүүгийн нэгдлийг байгуулсан. ТэнГэр Санхүүгийн Нэгдэл.
Би Монголдоо анх удаа гадны банкны, хөрөнгө оруулалтын сан, олон улсын банкуудаас зээл, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татаж чадсан. Бүгдийг нь нэрлэвэл хэт урт жагсаалт гарна.
Би Киргиз, Хятад руу анх удаа Монголоос хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн компаниудыг авч байсан. Мол Булак. Тианронг.
Би Монголдоо анхлан ажилчдын хувьцааны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. EIT.
Би Монголын анхны хувийн тэтгэврийн санг үүсгэн байгуулж байсан. Монголын Тэтгэврийн Нэгдсэн Данс буюу Ард Лайф.
Би хоёр санхүүгийн нэгдэл байгуулсан цорын ганц нь, энэ улсдаа. Ард Санхүүгийн Нэгдэл.
Би гурван IPO, хоёр RTO хийсэн ганц нь.
Би Монголын анхны хөрөнгө оруулалтын санг байгуулсан. Үндэсний Хувьчлалын Сан.
Би утаагүй цэвэрхэн хот байгуулах гэж зүтгэж үзсэн - Ургах Наран. Бүтэлгүйтсэн.
Энэ бүхнийг би хэн нэгэнд таалагдах гэж бус зөвхөн өөртөө таалагдах ёстой гэдэг амьдралын зарчмаа бариад л хийсэн. Алдар нэрэнд хүрье, нэр хүндээ өсгөе, шагнал урамшуулал авья, албан тушаалд очьё гэж зорьж байгаагүй, хэзээ ч тэгж бодож байгаагүй.
Би энэ улсын хамгийн баян хүн болъё гэж хэзээ ч зорьсонгүй ээ. Би хамгийн баян улсын иргэн болохыг зорьж, бусдыгаа уриалж, дуудаж, чирч өдий хүрсэн. Би өөрийнхөө хүүхдүүдэд үүнийг л захидаг.
Чи юу хийж бүтээсэн бэ? Хэдэн хүнийг ажилтай, орлоготой авч явж байна? Хэдэн компанид хөрөнгө оруулж байв? Хэдэн хөрөнгө оруулагчийг ашигтай гаргаж байв? Хэдэн төгрөгний татвар төлж байв? Хэдэн хүнд зээл өгөв? Хэдэн хүүхдэд тусалж байв?
Нусан пулемёт царайлсан жулдрай надтай мэтгэлцэх юм гэнэ. Өөрийнхөө аж амьдралаа өөд нь татчих, эхлээд. Би өдөрт 20 цаг ажиллаж байна - 4-өөс 24 хүртэл. Чам шиг ангалзаж, селфидсэн, худлаа танилцуулга тавьчихсан, Англиар хальт ярьдаг болсноо, хэдэн төсөл дээр орчуулагч хийснээ их юм гээд бодчихсон мангар бацаанд зарах цаг үнэхээр алга.
Чи эхлээд тэр хууран мэхэлж, санхүүжилт босгож өгнө гэж бурж байгаад бүтэн жил цалинжиж, дураараа дарвисан компанийнхаа ах хүүг хохиролгүй болгочих.
Би гавьяаны амралтандаа явахаас өмнө хийж бүтээх ажил дэндүү их байна. Утаа, түгжрэл, ядуурал, хулгай, дээрэм, нийтийн бухимдал дэндүү их юм, бидний амьдралд.
Би шийдэхийг оролдож ирсэн. Хэзээ ч нэг хором зүгээр ангайгаад зогсож байгаагүй. Үүний эцэст амжилтанд хүрнэ гэж зорьж байна.
Монгол бол баян улс. Бид яг одоо бол алтан дээр сандайлж суусан гуйлгачны дүртэй. Чам шиг өөдгүй, овилгогүй, толгой нь хоосон, сэтгэл нь цэвдэг араас хутгагчдаас болсон гэдэгт би итгэдэг. Тамын тогооны үлгэр гэж энэ. Биднийг ядуу тарчиг, энэ чигээр нь байлгах урвагчдын эсрэг нэг дуугаар үгүй гэе.
Бидний үрсийг хүлээж буй ирээдүйг өөрсдийн гараар цогцлоож, гэрэлтэй, гэгээтэй, аж жаргалтай, чинээлэг, хангалуун байхын төлөө тэмцье. Дугарья. Амь амиа хоохойлохоо хойш нь тавья. Бид Хүчтэй. Бид Хамтдаа!
Дэлхий нийт 4 аж үйлдвэрийн хувьсгал хийлээ гэж ярьдаг. Дөрөвдэх нь яг ид явагдаж байна - эхний гурваас нь бид зулгааж чадаагүй. Зүүгдэж энд ирсэн. Харин одооныхоос нь заавал хожьё. Авья. Ялъя. Үзэлцэж байгаад дийлье.
Ардынхаа эсрэг явахаа зогсоо! Бид одоо олуулаа болсон. Надад итгэсэн нэг сая ард зохих хариугаа дор бүр нь өгсөөр байх болно.
Хасын биш Ардын Ганхуяг" гэжээ.
Ч.Ганхуяг: Би ядуу улсын баян иргэн болохыг хүсээгүй. АрдКойныг луйвар гэж хашгичиж байгаа хөөс судлаачдыг ойлгох ухаан надад хайрлана уу