| | USD/MNT 0₮
2020 онд нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар нэмэгдэх гэж байгаатай холбогдуулан МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын байр суурийг сонслоо. Тэрбээр “Монгол Улсын эдийн засаг хүндэрсэн тул Засгийн газраас ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд долоон төрлийн татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх тохиролцоо хийгдсэн. МҮЭХ долоон төрлийн татвар нэмэхийг дэмжсэн. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх нь бүх салбарт нөлөөлтэй, Монголын нийт ажиллагсдын цалин, орлогыг бууруулах хүчин зүйл болдог учир МҮЭХ-ноос НДШ нэмэхийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Энэ чиглэлээр ахин 2020 оны төсвийн хүрээнд НДШ 2 хувиар нэмэгдүүлэх шийдвэр батлагдсантай холбогдуулан хориг тавихыг хүссэн шаардах бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Үүний дагуу Ерөнхийлөгч арванхоёрдугаар сарын 03-ны өдөр төсөвт хориг тавьсан ч УИХ-аар эцэслэн шийдэгдэнэ. Тэгэхээр УИХ болоод Засгийн газрын гишүүдийг ард түмний эрх ашгийг төлөө хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна. Энэ асуудалд хэр хариуцлагатай хандахаас шалтгаалж МҮЭХ цаашдын арга хэмжээгээ хэрэгжүүлнэ. Тодруулбал, жагсаал, цуглаан зохион байгуулна гэхээсээ илүүтэйгээр улс орон даяар хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлнэ. Товчоор хэлбэл, бүх салбарт ажил хаялт зарлана. Энэ хүнд хэлбэр рүү оруулахгүйн тулд бид хамтран асуудлыг шийдвэрлэх ёстой.
Ер нь УИХ, Засгийн газар, МҮЭХ бол ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллах ёстой байгууллагууд юм. Тийм учраас зорилгоо нэгтгээд 2020 оны улсын төсөвт хэсэгчилсэн өөрчлөлт, засварыг хийх хэрэгтэй.
Аль ч хууль цоорхойтой эсвэл ард түмний нийтлэг эрх ашигт сөргөөр нөлөөлөх бол эргэн авч үзэх бүрэн эрхтэй. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч бол нийтлэг эрх ашигт хохиролтой хуулинд хориг тавьдаг субъект юм шүү дээ” гэлээ.
ШУУД ҮЗЭХ:
Х.Амгаланбаатар: МҮЭХ-ноос зарим төрлийн татвар нэмэгдүүлэхийг дэмжсэн