| | USD/MNT 0₮

Б.Жагар: Өнөөдөр автозам ашигласны төлбөр багадаагүй. Энэ бол ирэх оны сонгуулийн мөнгө босгох ажиллагаа юм

Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай тогтоолын  төсөл өчигдөр батлагдсан. Уг төсвөөр Нийслэлийн Автозам ашигласны төлбөр тав дахин нэмэгдэх гэж буй. Уг шийдвэрийг эсэргүүцсэн “Ард түмний штаб”-аас 48 цагийн дотор яаралтай цуцлахыг шаардсан албан бичгийг НИТХ-ын дарга болон төлөөлөгчдөд хүргүүлсэн юм. Энэ талаар тус штабын тэргүүн Б.Жагар “Тэмцэхгүй байхын аргагүй онц байдал зарлах хэмжээний нөхцөл байдал үүсээд байна. Ардчилсан гэх тодотголтой энэ оронд дарга нар нь хулгай хийж, хулгайлсан мөнгөө ард түмэндээ буцааж өгөхгүй, 200-300 сая төгрөгийн машин авч унаж байж иргэдийн нуруун дээр ачаа нэмээд байна. Үүнийгээ дагаад мах, хүнсний ногоо, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх учир замын татварыг нэмэх нь байж болохгүй асуудал юм.

Өнөөдөр Автозам ашигласны төлбөр багадаагүй. Тэгсэн хэрнээ зам нь эвдэрхий, нийтийн зогсоолгүй. Энэ бол шууд утгаараа ирэх оны сонгуулийн мөнгө босгох ажиллагаа юм. 2016 оны сонгуулиар эрх баригч нам татвар нэмэхгүй гэж амлаж байсан ч хэлсэндээ хүрсэнгүй. Тиймээс бид ирэх долоо хоногт улс орон даяар томоохон жагсаал цуглаан өрнүүлнэ. Төлбөрийг тав дахин байтугай нэг хувь ч нэмэгдүүлэхгүй. Хэрэв нэмбэл бид 31-ний өдөр бойкот хийж, жагсана гэдгээ мэдэгдэж байна. Бид авлигачдад татвар төлж байснаас ард түмэндээ төлөх ёстой” хэмээн онцоллоо.

Уг шаардлагыг НИТХ-ын дарга Л.Дагва хүлээж авлаа. Энэ үеэрээ тэрбээр “Хотын дарга төсвөө өргөн барьсан. Улаанбаатар хот улсдаа 320 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлж өгч байгаа. Үлдэв буй төсвөөр хотынхоо тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, бүтээн байгуулалт цогцлооё гэхээр бидний мөнгө хаанаа ч хүрдэггүй. Энэхүү бичигтэй холбогдуулан тайлбар хэлэхэд, Улаанбаатар хотын амьдрах аргыг цаашдаа өөрчлөх ёстой. Төсөв шүтсэн гунигт амьдралаасаа салах ёстой. Засгийн газрын хуваарилж өгсөн төсвийн хөрөнгөөр хотын бүх асуудлыг сайжруулж, шийдвэрлэе гэвэл хэзээ ч бүтэхгүй. Тэгэхээр хувийн хэвшлийн оролцоо, өөр санхүүгийн эх үүсвэрийг бий болгоход нь хот түлхүү ажиллах ёстой. Хотын дарга "Улаанбаатар хотын хатуу хучилттай автозамын 40 орчим хувийг дахин сайжруулж, шинэчлэх ёстой” гэсэн саналыг оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, иргэдийн хүсч, хүлээж байгаа зам, харгуй болгоё гэхээр 400-500 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ их мөнгө Улаанбаатар хотод байтугай Засгийн газарт ч байхгүй. Гэхдээ нийслэлийн 1 сая 500 мянга гаруй иргэн замаа засахыг шаарддаг. Тэгэхээр дэлхийн хотуудын жишгээр иргэдтэйгээ хамтарч ажиллах хэрэгтэй. Тэр агуулгын хүрээнд нийслэлийн хатуу хучилттай авто замыг нэг өдөр ашигласныхаа төлөө өдөрт 276 төгрөгийг тушааж болохгүй байгаа юм бэ гэсэн саналыг оруулж ирсэн” хэмээн тайлбарлалаа.

ШУУД ҮЗЭХ:

Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай тогтоолын төсөл өчигдөр батлагдсан. Уг төсвөөр Нийслэлийн Автозам ашигласны төлбөр тав дахин нэмэгдэх гэж буй. Уг шийдвэрийг эсэргүүцсэн “Ард түмний штаб”-аас 48 цагийн дотор яаралтай цуцлахыг шаардсан албан бичгийг НИТХ-ын дарга болон төлөөлөгчдөд хүргүүлсэн юм.
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.