| | USD/MNT 0₮

СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэнг огцрохыг шаардаж иргэд жагслаа

СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэнг огцрохыг шаардаж дүүргийн иргэд өнөөдөр /2019.12.02/ "Содон" хороололоос Засаг даргын тамгын газар хүртэл жагсаал хийлээ.

Иргэдийн зүгээс "Ж.Сандагсүрэн Засаг дарга Манай дүүргийн иргэд тансаг амьдрахыг хүсдэггүй" гэж хэлсэн үгэндээ уучлалт гуйж, огцрох нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

Тиймээс 1000 гаруй иргэд цуглаж эсэргүүцлээ илэрхийлэн, Засаг дарга Ж.Сандагсүрэнг огцрох таван зүйл, заалт бүхий шаардах бичгийг орлогч дарга Ганбаатарт гардуулж өгсөн. Ирэх даваа гарагт буюу арванхоёрдугаар сарын 9-ний өдөр хариуг иргэдэд өгөх бөгөөд тус хариугаас шалтгаалан цаашид жагсаал хийх үү эсвэл тэмцлийн дараагийн шатанд шилжих үү гэдгээ шийднэ гэдгийг жагсаалд оролцож байгаа иргэд хэлж байв.

Жагсаалд оролцож байгаа иргэд "4000 айл тог цахилгаанаар хангагдаж чадахгүй, харанхуй амьдарч байна", "Ж.Сандагсүрэн огцор, Уучлалт гуй" зэрэг бичигтэй лоозон барихаас гадна тус дүүргээс Их хуралд сонгогдсон зургаан гишүүний зургийг барьсан байв. Тэд сонгогчдийнхоо төлөө ажиллаж чаддаггүй УИХ-ын гишүүн, Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарыг огцрох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Ж.Сандагсүрэн Засаг дарга дүүрэгтээ хийсэн, бүтээсэн ажилгүй. Дээрээс нь "Манай дүүргийн иргэд тансаг амьдрахыг хүсдэггүй" гэж хэлсэн нь доромжлол. Иргэд эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрахыг хүсч байгаа гэдгийг хэлж байлаа.

Мөн сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээс хойш айдастай амьдарч байгаа бөгөөд нүдэнд харагдахгүй утаанд илүү хордож байна гэдгээ жагсагч иргэд хэлсэн юм. 

Т.Цолмонсайхан

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.