| | USD/MNT 0₮

ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр:Өөрчлөлтийг та бид хийж чадна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд ХДХВ буюу ДОХ-той тэмцэх дэлхий нийтийн өдөр тохиодог билээ. Монгол Улс хар нөмрөгтөй, хохимой толготой алх хадуур барьсан аймшигт эрлэгийн элч болох ХДХВ буюу (Дархлалын олдмол хомсдол) ДОХ-той “танилцаад” аль хэдийнэ 20 гаруй жилийн нүүр үзжээ. Манайд эл халдварын вирус гэрлийн хурдаар нэмэгдэж байна.

Өнөөдөр 50, 100, 200-д хүрлээ гэж тоолоод суухдаа гол нь биш юм. Хамгийн чухал нь вирусыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх. Хэн ч энэ өвчний халдвараар өвчлөх боломжтой, хэнийг ч ялгахгүй дархлааг нь устгаж гэмтээх эмгэнэлтэй. Тухайлбал, хамгийн сүүлийн үеийн тоо баримтыг дурьдахад, арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар Монголд ХДХВ-ийн халдвар 281 бүртгэгдэж, улмаар эмнэлгээр оношлогдон эмчлэгдэж байна. Монгол Улсын хувьд 2019 оны байдлаар ХДХВ-ийн халдварын тооцооллоор 600 гаруй хүн амьдарч байх магадлалтай. Үүний 281-ийг нь одоогоор илрүүлэн эмчилж байна. Хувиар бол 30 гаруй хувийг нь илрүүлсэн гэсэн үг. Тэгвэл 319 халдвар тээгч хаана явна бэ. Тэд өөрсдийгөө халдвартай гэдгээ мэдэхгүй яваа. Гэтэл халдвар тээсэн байх магадлалтай 600 иргэн байна гэдэг их өндөр тоо, нийгмийн аймшигтай үзэгдэл болоод байна. Амьдралынхаа туршид сайн дурын шинжилгээнд хамрагдаж байгаагүй олон хүн бий. Тэднийг эрүүл гэхэд эмч, эмнэлгийн байгууллагаас эргэлзэж байна. Тиймээс эрт илрүүлэхийн тулд ХӨСҮТ болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүд сайн ажиллаж байгаа юм.

Манайд 85 цэг дээр сайн дурын шинжилгээ хийгддэг бөгөөд жилдээ 400 мянган иргэн шинжилгээ өгдөг бөгөөд эрсдэл багатай хүмүүс шинжлүүлдэг байх нь. Жишээлбэл, жирэмсэн эхчүүд, гадагшаа дотогшоо явах гэж байгаа иргэд болон төрийн алба хаагч нар гэх мэт. Гэвч цаана нь эмч нарын хүсээд байгаа эрсдэлт бүлгийнхэн буюу БЗХӨ-нд өртөөд байгаа хүмүүс шинжилгээ өгөхгүй байгаа нь харамсалтай юм. Тухайлбал, хөдөлгөөтөй залуус, биеэ үнэлэгчид ижил хүйстэнгүүд тэр бүр шинжилгээ өгөхгүй байна гэдгийг албаныхан онцолж байна. Дээр нь 10 гаруй жил огт шинжилгээ өгч байгаагүй хүмүүс ч бий.

ХДХВ тээсэн хэрнээ түүнийгээ мэдэлгүй 5-10 жил амьдарсан ч хүн байгаа юм. Биед нь ямар нэгэн зовиур илрэхгүй бол халдвартай мэдэхгүй л явна. Ийм хүмүүс бусдадаа халдвар тараадаг юм. Хэдий өөртөө итгэлтэй, гэр бүлдээ үнэнч, нэг хавьтагчтай байгаа гэж бодож яваа ч иргэн та жилдээ нэг удаа цусны шинжилгээнд хамрагдаж эрүүл эсэхээ магадлаж байх нь чухал. Ирээдүйд үүсэх эрсдэлээс өөрийгөө хамгаалах мөн эрхэм гэр бүлийнхнээ, ойр тойрныхноо хамгаалах хэрэгтэй. Халдвараас хамгаалахын тулд хамгийн түрүүнд юу чухал вэ гэвэл зөв мэдээлэл, урьдчилан сэргийлэлт. Зөв мэдээлэл мэдлэгтэй хэн ч өөрийгөө элдэв эрсдэлээс хамгаалж чадна. Ядаж иргэн та өөрийнхөө эрүүл мэндийн төлөө үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах сэтгэлтэй байгаарай.

ХДХВ буюу ДОХ хувиа хичээсэн өвчин биш

Хүмүүс бидний эрхэм зорилго юу вэ гэвэл үр удмаа үлдээх явдал. Тэгвэл ХДХВ буюу ДОХ-ын халдвар бидний амьдралын зорилго болсон үр удам руу чиглэж байгаа нь харамсалтай. ХДХВ буюу ДОХ гэдэг нь ялгаатай. Хүн бүр ДОХ-той биш харин ХДХВ-ийн үед эрт хүнээ илрүүлчих юм бол ХӨСҮТ-ээс цаг алдалгүй эмчилгээнд нь оруулж амьдрах хугацааг нь уртасгаж урьдчилан сэргийлээд байна. Харин өөрийгөө халдвартай гэдгээ мэдэхгүй 5-10 жил явж өвчин нь хүндэрч эцсийн шатандаа орсон хүнийг ДОХ-той гэж хэлнэ. Тэгэхээр вирус тээгч, ДОХ хоёр өөр ойлголт. Манайд оношлогдсон халдвар тээгчдийн 30 гаруй хувь нь халдвар нь хүндэрсэн байдалтай байжээ. Ийм тохиолдолд эмчлэхэд хүндрэлтэй амь нас нь аюулын эрмэг дээр ирсэн байдаг болохоор эмч нар тусалж чадахгүй байгаа юм. Тиймээс халдвартай хүнийг шууд ДОХ-той гэж хэлэх нь өрөөсгөл ойлголт шүү. Гэхдээ энэ өвчин төгс эмчлэгдэхгүй ч эмчилгээтэй, архаг өвчин.

Нөгөөтэйгүүр ХДХВ буюу ДОХ хувиа хичээсэн өвчин биш юм. Нийт масс дунд хил хязгааргүй тархдаг аюултай халдвар. Өнөөдөр бид гэр бүлийнхнээ найз нөхдөдөө энэ өвчний талаарх үнэн зөв мэдээллийг урьдчилан сэргийлээд яваад байж болно. Гэтэл амьдрал дээр таны үр хүүхэдтэй ханилах нөхөр, эхнэр нь халдвар авчихсан таны хүүхдэд халдаасан байвал яах вэ. Тиймээс эл халдвар нийгмийн өвчин буюу гэр бүлийн асуудлыг байнга дагуулдаг. Тэгэхээр нийт маст урьдчилан сэргийлэлтийг сайн хийж чадвал нийгэм эрүүл, айх аюулгүй болж чадна.

Бас нэг эмзэглэл гэвэл эрх чөлөөтэй нийгэмд гэр бүлийн ариун нандин харилцаа алдагджээ.

Өнгөрсөн онд бүртгэгдсэн нийт бэлгийн замаар дамжих халдварын 50 гаруй хувь нь гэр бүлтэй хүмүүс бүртгэгдсэн байна. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр гэр бүлдээ үнэнч биш, гэр бүлээс гадуурх харилцаа буюу тохиолдлын бэлгийн хавьтал их байна гэсэн үг. Үүнээс үүдэж гэр бүл салж сарних зэрэг олон сөрөг үр дагавар гарна. Тиймээс олон бэлгийн хавьтагчаас татгалзаж гэр бүлийн ариун нандин харилцаагаа халуун дулаанаар авч үлдэх, үр удмаа эрүүл саруул төрүүлж өсгөх нь иргэн таны ухамсарын асуудал юм шүү.

ХДХВ буюу ДОХ төгс эмчлэгдэхгүй ч эмчилгээтэй архаг явцтай өвчин

Уг халдварыг хүн бүр аюултай үхэлд хүргэдэг өвчин гэж ойлгодог. Тэгвэл ХДХВ ДОХ үхлээр төгсдөг өвчин биш болсон. Вирусын халдвар нь мөн. Гэхдээ эмчилгээтэй архаг явцтай өвчин юм. Эрт оношлогдоод эмчилгээнд орвол тэр хүн урт хугацаанд амьдрах боломжтой. Элэгний В, С вирус, Бэлгийн херпес, бэлгийн үү, тэмбүү зэргийн вирусыг адилхан бэлгийн замаар авч насан туршдаа халдварыг биедээ тээнэ. Харин ч элэгний В, С халдвартай хүмүүсийн нас баралт өндөр байгаа. Тэгвэл яагаад ХДХВ буюу ДОХ-ыг нийгэмд буруу ойлгож, бузар булай өвчин мэт ойлгодог юм бэ. Дэлхийд анх 1981 онд оношлогдож 1990 оны үед энэ өвчний талаар мэдээлэл хомс, хаалттай сэдэв, эмчилгээ байгаагүй байсан болохоор л нийгэмд үхдэг өвчин мэтээр ойлгуулж, хүмүүс жийрхэж нүд үзүүрлэдэг болсон. Тэгвэл өнөөдөр энэ өвчнөөс айж жийрхэх зүйл биш болсон, чиг хандлага нь өөрчлөгдсөн байна. Дахин тодотгож хэлье, эмчилгээтэй архаг явцтай өвчин. Хэрвээ та энэ өвчний халдвартайгаа эрт мэдэх бол эрт эмчлэгдэх боломжтой юм шүү.

 

 

 

 

 

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд ХДХВ буюу ДОХ-той тэмцэх дэлхий нийтийн өдөр тохиодог билээ. Монгол Улс хар нөмрөгтөй, хохимой толготой алх хадуур барьсан аймшигт эрлэгийн элч болох ХДХВ буюу (Дархлалын олдмол хомсдол) ДОХ-той “танилцаад” аль хэдийнэ 20 гаруй жилийн нүүр үзжээ. Манайд эл халдварын вирус гэрлийн хурдаар нэмэгдэж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.