| | USD/MNT 0₮

МАН-ын гишүүн Д.Ганболд, ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ хоёрт хариуцлага тооцжээ

Монгол ардын намын Хяналтын ерөнхий хороонд 2019 оны аравдугаар сарын 28-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн намын хорооны нэр бүхий 60 гишүүнээс тус дүүргийн намын хорооны дарга Д.Ганболд, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нарын намын дүрэм зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцохыг шаардсан гомдол ирүүлжээ.

Тус гомдлыг хянан шалгахад, Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга Д.Ганболд нь МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны намын байгуулалтын газрын даргын 2019 оны наймдугаар сарын 23-ийн өдрийн 225 тоот албан бичиг, нийслэлийн МАН-ын хорооны даргын 10 дугаар сарын 07-ийн өдрийн 74 тоот албан бичиг, намын дэд хорооны даргын 79 тоот албан бичиг, мөн нийслэлийн Хяналтын хорооны 10 тоот тогтоолоор тус тус өгсөн үүрэг даалгавар, чиглэлийг биелүүлж ажиллаагүй ноцтой зөрчил дутагдал гаргасан тул хариуцлага тооцож намын сонгуульт ажлаас нь чөлөөлж, МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэхийг намын хорооны дарга Д.Сумъяабазарт үүрэг болгожээ.

Ер нь Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэтэй холбоотой асуудал байнга гардаг.

Түүнийг төрийн албанд ажиллах ёсзүйгүй хүн гэж үзсэн учраас нэр бүхий хүмүүс өнгөрсөн аравдугаар сард АТГ-т шалгуулахаар хандаж байсан талаар мэдээлсэн билээ

ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн хууль бус үйлдэл нь аль 2011 оноос эхэлсэн ч өнөөдрийг хүртэл түүнд ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгээгүй иржээ.
Тиймээс дээрх гишүүд Д.Бат-Эрдэнийг одоо болтол Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа нь төрийн албаны үндсэн зарчим, төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага болон тангарагт нийцэхгүй байна. Түүнчлэн хуурамч нэр болон диплом ашигласан эрүүгийн гэмт хэргийн улмаас олж авсан давуу байдал болон үр дагавар нь одоог хүртэл үргэлжилж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаатай холбох үндэслэлгүй тул уг асуудлыг холбогдох хууль журмын дагуу шалган шаардлагатай арга хэмжээг авч хариу мэдэгдэхийг хүсчээ.

Д.Бат-Эрдэнийн хувьд эцэг эхээс өгсөн жинхэнэ нэрээ сольж, хуурамч диплом өвөртлөн карьераа ахиулж ирсэн нь холбогдох байгууллагын шалгалтаар тогтоогдсон ч, хариуцлага хүлээлгүй өнөөдрийг хүрсэн нэгэн юм.


Хачирхалтай нь хуурамч зүйл олонтой энэ хүн үргэлж л хэл ам дагуулсан асуудалд орж байдаг ч, үнэхээр ар хамгаалалт нь сайных уу гэлтэй аливаа асуудлаас сугараад үлдчихдэг. 
Тухайлбал 2012 онд ИТХ-ын дарга болсноосоо хойш төрийн мөнгийг үр дүнгүй зарцуулсан хэрэгт холбогдсон. Мөн тухайн үедээ албан өрөөгөө 70 гаруй сая төгрөгөөр тохижуулж, 59 сая төгрөгийн үнэтэй автомашин худалдан авсан нь гэдэг асуудал нийгэмд шуугиан тарьж байгаад намжсан байдаг. Нэг ёсондоо төр түмний мөнгөнд дэндүү гамгүй хандаж, хувь эрх ашигтаа нийцүүлэн зарцуулсан байх магадлал өндөр. 

Түүнийг 1990-2004 онд “Эрдэнэсуварга” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байх үед нягтлан бодогчоор ажилладаг байсан Д.Энхмандах нь 2008 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан Д.Очирбат, нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, Нийслэлийн Автозамын газрын дарга асан Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Д.Ганболд нарын авлигын сүлжээний булхайг дэлгэсэн мэдээллийг холбогдох газруудад өгч, олон нийт ч тодорхой хэмжээний мэдээлэлтэй байгаа. Тэрбээр албан тушаалаа ашиглан тендер будлиулж нийслэл, дүүргийн Засаг дарга нарт тус бүрт нь хувь өгдөг байсан гэх.

Монгол ардын намын Хяналтын ерөнхий хороонд 2019 оны аравдугаар сарын 28-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн намын хорооны нэр бүхий 60 гишүүнээс тус дүүргийн намын хорооны дарга Д.Ганболд, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нарын намын дүрэм зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцохыг шаардсан гомдол ирүүлжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.