| | USD/MNT 0₮

НОСК-ИЙНХАН 300 ГАРУЙ АЙЛЫГ БАЙРАНД НЬ ОРУУЛСАН, ҮЛДСЭН 262 АЙЛЫГ ХЭЗЭЭ ОРУУЛАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдсан “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцанд орох иргэдийн төлөөлөлд өнгөрсөн аравдугаар сарын 15-нд төв талбай дээр Хотын дарга С.Амарсайхан болон НОСК-ийн удирдлагууд байрны батламж гардуулж, баярын арга хэмжээ зохион байгуулсан.

Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан тус орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг долдугаар сарын 22-ноос цахимаар бүртгэж эхэлсэн юм. Энэхүү цахим бүртгэлд найман ангиллын 16 төрөлд нийт 35.058 иргэн бүртгүүлснээс 580 айл түрээсийн орон сууцанд хамрагдаж байгаа юм.  Харин 972 айлын 40 хувь буюу 390 орчим айл газар чөлөөлөлтөд хамрагдаж, түрээсийн орон сууцанд хамрагдаж байгаа юм.  “Буянт-Ухаа-2” хорооллын орон сууцанд хамрагдахаар батламж гардан авсан.

Гэтэл өнөөдрийн байдлаар 580 айлын 318 нь байрандаа орсон бол 262 айл байрандаа орж чадаагүй хүлээлтийн байдалтай байна.

Шинэ байранд орно хэмээн түрээсийн байрнаасаа гарсан айлууд өнөөдөр хамаатан садныхаараа хоног төөрүүлж байна. Хөхөө өвлийн хүйтэн боллоо, нэг л өдөр орно доо гэсэн бодолтой хүлээлтийн байдалтай байсаар өнөөдөртэй золгов.

Яагаад байранд нь оруулахгүй байгаа юм бэ. Ямар байдлаас эдгээр 262 айлыг оруулах ажил хаанаа гацаад байгааг ч ойлгуулж тайлбарлах, удирдлага албан тушаалтнууд олдохгүй байна.

Байраа хүлээж цөхөрсөн иргэд дам мэдээлэл сонсох нь Улсын комисс хүлээж аваагүй гэх.

Он удаан жил баригдаад арайхийж ашиглалтад оруулсан байрыг нь яагаад комисс хүлээж авдаггүй юмбэ. НОСК-иос Улсын комисст огт хандаагүй гэх мэдээлэл ч байна. Тэгэхээр “но”-той байр барьчихаад НОСК комисст хандаж чадахгүй байна уу гэсэн хардлага ч байгаа юм.

НОСК-иос мэдээлэл өгөхдөө “Манайхаас шалтгаалах зүйл байхгүй. Улсын комисс хүлээж авахгүй байна” гэсэн тайлбарыг өгсөн бол Улсын комисс нь болохоор НОСК манайд хандаагүй гэж хоёр биенээ буруутгасан байдалтай байна.

Аргаа барсан, хүлээлтийн байдалтай байгаа иргэд яах ёстой вэ.

Байрандаа орж чадахгүй байгаа иргэн Т-гийн ярьснаар “НОСК-ийнхон 300 гаруй айлаар шоу хийж байранд оруулаад үлдсэн 262 айлаар тоглочихлоо. Дээр нь нэмээд 300 гаруй айл байранд орно хэмээн газраа байраар солих айлуудын голомтыг самарчих шиг боллоо. Ёстой сэтгэл хуурсан ажил юм. Манайх ам бүл олууллаа. Байранд орно гэж бодоод түрээсийн байрнаасаа гарч, шинэ байрандаа тавилга аваад хураачихсан. Ямар ч мөнгө төгрөггүй болж эдийн засгийн хувьд ч асуудалтай болж эхэллээ” гэсэн юм.  

Аргаа барсан иргэн Т өчигдөр НОСК дээр очсон байна. Тэднийхээс тоймтой хариу мэдээлэл өгөөгүй ч утсыг нь тэмдэглээд аваад үлдсэн гэнэ. Учир нь “байрандаа ор” гэж нэг өдөр залгах юм гэнэ. Энэ байрны талаар мэдэж байгаа ч хүн байхгүй. Мэдээлэл өгөх ч хүн олдоогүй байна. Байраа хүлээсэн иргэд хэзээ залгана гэж харуулдаж суух юм бэ, НОСК-ийнхан.

Хаана ямар асуудал шалтгаан байгаагаа даруй шийдэж, 262 айлыг байранд нь оруулахгүй бол олон иргэд хохирох нь байна шүү дээ.

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн зүгээс иргэд шилжин суурьшихад гарч болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж хуваарийн дагуу орон сууцыг хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд 10 дугаар сарын 23-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэл 8 хоногийн хугацаанд эхний 6 блок байрны оршин суугчид болох 318 айл орон сууцаа хүлээн авч шинэ байрандаа орлоо. Ирэх долоо хоногт үлдсэн 262 өрх шинэ байраа хүлээн авна” мэдээллийг өөрийнхөө цахим хуудсанд байршуулсан байгаа хэдий ч арваннэгдүгээр сар маргааш дууслаа. Ямар ч чимээ алга. Түрээсийн орон сууцаар улстөрийн шоудалт хийгээд, нэр төрөө өсгөөд, нийтэд хэрэгтэй зөв ажил хийсэн мэт харагдмааргүй байна. Уг байрны буух эзэн, буцах хаяг нь НОСК-ийнхан өөрсдөө гэдгээ ухамсарлавал зүгээр байна шүү.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдсан “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцанд орох иргэдийн төлөөлөлд өнгөрсөн аравдугаар сарын 15-нд төв талбай дээр Хотын дарга С.Амарсайхан болон НОСК-ийн удирдлагууд байрны батламж гардуулж, баярын арга хэмжээ зохион байгуулсан.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.