| | USD/MNT 0₮

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ САВЛАГААНД ТӨРИЙН АЛБА ХААГЧДЫГ ДАЙЧИЛЖЭЭ

Эхэлсэн цагаасаа асуудал дагуулсаар буй сайжруулсан түлш дахин нэг асуудалд "орж", түлшийг савлах ажилчдын дутагдалд ороод байгаа. Иймд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар “Тавантолгой түлш” ХХК-тай хамтран 500 ажлын байр зарласан талаараа өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Ингэхдээ 500 иргэнийг 1 сая 200 мянган төгрөгийн цалинтай ажилд урьж байна гэсэн зар мэдээлэл тараасан ч өнөөдөр сайжруулсан шахмал түлшийг үйлдвэр дээр нь шуудайлах хүн олдохгүй, төрийн алба хаагчдыг дайчилж байна.

Тухайлбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын алба хаагчдаар өнгөрсөн амралтын өдрүүдэд дайчилж, шахмал түлш уутлуулжээ. Тэд хоёр өдөр цалингүй ажилласан байна. Ажилчдын нөөцөө өдийг хүртэл хангаж чадаагүй, төрийн алба хаагчдыг дайчилж байгаад иргэд бухимдалтай байгаа юм. Ийм байхад "Тавантолгой түлш" компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар хаана, юу хийж явна вэ?

Уг нь “Тавантолгой түлш” компани нийслэлийн 220 мянган айл өрхийн түлшний нийлүүлэлт хүний нөөц, иргэдэд хүргэх мэдээллийг бүрэн хариуцан ажиллах ёстой. Иймдээ ч Улаанбаатар хотод жилд 600 мянган тонн нийлүүлж, 220 мянган өрхийг 100 хувь сайжруулсан түлшээр хангаж ажиллана. Энэ хүрээнд нийт 760 хүнийг шахмал түлшний үйлдвэрт ажиллуулахаар бэлтгэж байгаа талаар М.Ганбаатар ярьж байсан. Гэвч үг, үйлдэл нь ийнхүү зөрж, сайжруулсан түлшний нийлүүлэлт зарим цэгт тасраад нэлээдгүй удлаа.

Байдал ийм дээрээ тулж, Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга нар газар дээр нь биечлэн очиж, асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж буй. Ингэлээ гээд шахмал түлшний ажлыг тэдний хийх ёстой ажил мэтээр ойлгоогүй л байлтай. 

Хамгийн гол нь төрийн албан хаагчдыг тушаалаар далайлган цалингүй ажиллуулж байгаагаар зогсохгүй сайжруулсан түлшийг иргэдэд борлуулж буй борлуулагч нарын зарим нь одоог хүртэл гурван сарын турш огт цалин аваагүй болох нь тогтоогджээ. Тодруулбал, борлуулагч нар худалдсан түлшнийхээ 10 хувиар цалинжих ёстой. 25 кг-ийн савлагаатай түлшийг худалдаад 330 орчим төгрөгийн цалин авах гэнэ. Харин борлуулагч нар худалдсан түлшнийхээ төлбөрийг компани руу шилжүүлж, нийслэлийн захиргаанд албан бичиг хүргүүлснээр цалин нь орох ёстой байдаг аж. 

Сайжруулсан түлшийг тойрсон асуудал өнөөдөр нэг иймэрхүү дүр зурагтай л байна. Өдрөөс өдөрт асуудал ундарсаар байгаа ч М.Ганбаатар чихгүй, дүлий мэт явсаар байна.


 

 



Сайжруулсан шахмал түлшний савлагаанд төрийн алба хаагчдыг дайчилжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.