| | USD/MNT 0₮

“ОНЦГОЙ” ТӨРСӨН Б.ОРХОНБАЯР НАЧИН

Өнгөрсөн жилийн төрийн их баяр наадамд Сэлэнгэчүүд их өнгөтэй сайхан наадаж, ихэр улсын начинтай болсон билээ.

Тэгвэл ихэр начингууд болох Н.Баярбаатар, Б.Орхонбаяр хоёр өчигдрийн чансаа өндөр 128 бөхийн барилдаанд ид хаваа гайхуулан, хурд хүчний гайхамшгийг мэдрүүлэн урамтай сайхан барилдаж, Монгол бахархлын өдрийн барилдаанд үзүүр түрүү булаацалдав. Сэлэнгийн бөхчүүд сэргэж мандаж байна. 

Түрүүлсэн нь Н.Баярбаатар бол үзүүрлэсэн нь Б.Орхонбаяр юм. Начин Б.Орхонбаярын хувьд хурд болоод мэх сайтай байгаа нь өчигдөр Улсын аварга Н.Батсуурийг өвдөг шороодуулах үеэр харагдав. Цаашид энэ Б.Орхонбаярт их боломж, ирээдүй харагдана. Начнаар тогтохгүй цолоо ахиулах хүчтэй хүү.

Залуу хоёр начингийн нэг нь Сэлэнгэ Цагааннуур сумын унаган хүү Баярсайхан овогтой Орхонбаяр хорин нэгхэн насандаа Монгол Улсын Начин болж нутаг усныхнаа болон аав ээжээ, ах дүүгээ, бэлтгэсэн багш нарынхаа магнайг тэнийлгэж баярлуулсан юм.

Түүний хувьд таван жил тасралтгүй үндэсний бөхөөр хичээллэж байгаа бөгөөд анх удаа улсад зодоглоод улсын цолтнуудын эгнээнд буюу Улсын начин хэмээх хүндтэй цолыг хүртэв. Гайхам сайхан. Идэр хүүд их холын мөрөөдөл бий.

Гарынхаа шавь болгон бэлтгэсэн их багш Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ч үнэнхүү хүчээрээ улсын цол хүртсэн шавьдаа баярлаж, Төв цэнгэлдэхэд баярын нулимс унагаж, дээлийнх нь захыг мушгиж сууж харагдсан. Багш шавь хоёрын барилдлага сайн байна. Уран барилдаант Т.Өсөх-Ирээдүй багшийнхаа бүх эрдмийг өвлөж байгаа гэх юм билээ.

Б.Орхонбаяр хүү үнэхээр эр бяр, бор зүрхээрээ явж Улсын цолонд хүрсэн. Найрааны начин биш. Тэрбээр тавын даваанд тунасан. Тунана гэдэг сайны шинж. Адилхан дөрвийн давааны нугалгааг давж тавын таваанд цол горилж байгаа хоёр хүчтэн хүч тэнцүүхэн барилдаж нэг нь улсын цолонд хүрнэ гэдэг ёстой сайхан юм.

Түүний хувьд учраа бөх Ц.Сандагдорж ч начин болох боломж байсан. Гэхдээ илүү хүчтэй, илүү бэлтгэлтэй, илүү мэхтэй нь давдаг гэдгийг Б.Орхонбаяр хүү харуулж чадсан. Нас залуу идэрхэн хүү өнөө жил насныхаа хувьд хамгийн бага нь байсан учраас хурдан удмын даага хөтөлж, түмэн олноо баярлуулсан билээ. Энэ жилийн хувьд яах аргагүй онцгой, өнгөтэй байсан даа. Их даруухан тайван хүү. Начин цол хүртсэнийхээ дараа сэтгэлийн үгээ тэрбээр ийн хэлж байжээ.



Б.Орхонбаяр: Үндэсний бөхөөр таван жил хичээллээд, Улсын начин болсон

“Би үндэсний бөхийн спортоор хичээллээд таван жил болж байна. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаараа Монгол Улсын начин цол хүртсэндээ баяртай байна. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлаж байна. Анхны чөлөөт бөхийн спортын багш нар болон намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай” гэжээ.

 

Сэлэнгийн бөхчүүд хүчтэй гэдгээ харуулж өчигдөр Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд үзүүр түрүү булаацалдав.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.