| | USD/MNT 0₮

ӨНӨӨДӨР З.БАЯНСЭЛЭНГИЙГ ШҮҮХ ХУРАЛ ХААЛТТАЙ БОЛНО

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар өнгөрсөн сард нэг сар хорих шийдвэрийг гаргаж цагдан хорьсон билээ.

Түүнийг удаа дараа шүүх хуралдаанд саад учруулж, хойшлуулж байсан учраас ийнхүү хорих захирамж гаргажээ. Тодруулбал, аравдугаар сарын 21-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд З.Баянсэлэнгэ болон тус яамны мэргэжилтэн М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан товлогдсон байсан.

Гэвч З.Баянсэлэнгэ өмгөөлөгчөөсөө татгалзсан байна. Харин ямар үндэслэлээр татгалзаж байгаагаа тайлбарлаж чадаагүй учраас түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Ийнхүү өмгөөлөгчөөсөө татгалзах саналыг нь хүлээн авч шүүх хурлыг энэ сарын 28 хүртэл хойшлуулсан байгаа юм.

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн шүүхэд болох хуралд З.Баянсэлэнгэ цагдан хорих ангиас ирэх бөгөөд хурлыг хаалттай явуулах ажээ.

Хэргийн талаар эргэн сануулахад, З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэн 19.2 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна. Харин улсад учруулсан 972.4 сая төгрөгийн хохирлыг “Бэрэн” группээс гаргуулахаар болсон юм. Шүүхийн энэхүү шийдвэрт Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэл гаргаснаар Улсын дээр шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхэд буцаасан билээ. Прокурорын байгууллагаас эсэргүүцэл гаргахаас гадна З.Баянсэлэнгэ өөрийгөө буруугүй гэж үзэн торгууль төлөхөөс татгалзаж байсан. Ийнхүү уг хэрэг дахин анхан шатны шүүхээр шийдэгдэхээр болсон юм.

З.Баянсэлэнгийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд хаалттай болно
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.