| | USD/MNT 0₮
Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, "Монгол бахархлын өдөр" жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтоод буй.
Тэгвэл уг уламжлалын дагуу THE HU хамтлагт "Чингис хаан" одонг гардууллаа.
Одонг гардуулах ёслолын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Эзэн Чингис хааны мэлмий гийсний 857 жилийн ой, Монгол бахархлын өдрийн халун мэндийг өргөн дэвшүүлье. Он цагийн урсгалд олон түүхэн хүмүүст түүхт үйл явдлууд бүдгэрэн алсарч байгаа ч Их эзэн Чингис хааны маань алдар гавьяаг хүмүүн төрөлхтөн улам бүр онцолсоор байгаа билээ. Германы агуу философич Г.Хегэл 1837 онд бичсэн “Түүхэн философи” бүтээлдээ “Хүн төрөлхтөний түүх монголчуудтай хамт эхэлсэн юм. Чухамдаа Монголчууд түүхэн дэх анхны хууль цаазат хүчит төрийн суурийг байгуулж чадсан үндэстэн бөгөөд тэдний үзэл санааны дор өнөөгийн бүхий л их гүрнүүд, дэлхийн үндэстнүүд замнаж яваа” хэмээн үнэн бичиж байжээ. Түүний дурдсан хүчирхэг төр нь Их эзэн Чингис хааны зүтгэж босгосон ахуй төр, монгол төр байсан юм. Гэм буруутанд таарах хариуцлагыг ногдуулах, гавьяатанд зохих шагналыг олгох нь төрийн нэгэн чухал үүрэг хэмээн Чингис хаан маань үздэг байжээ. Монголын төр өнөөдөр гавьяатнуудаа шагнан урамшуулж байна.
Суут богд дээдсийн мэндэлсэн Монгол бахархлын өдөр их хааныхаа хүрээгүй, дөтлөөгүй газарт хүрч, Монголын алдар цуу, соёлын өвийг түгээж, Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж яваа Хүннү рок хэмээх шинэ рок-г үүсгэн гялалзаж буй The Hu хамтлагт олгохоор шийдвэрлэлээ.
Бид та нараар бахархаж байна. Их найрагч Р.Чойномын “Миний Монгол” найраглалд дурдсанчлан Монголын дуу бол моторын дуу чимээ биш. Морьтон ардын сэтгэлийн уянга болохыг дэлхий дахинд нотлон харуулсанд чинь баярлалаа. Энэ бол нүүдэлчин удмын Монгол залуусын хамтын хүч, хамтын зүтгэл, хамтын амжилт юм” хэмээн онцоллоо.