| | USD/MNT 0₮
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 95 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Энэ ойд зориулж Төрийн ордны их танхимд өнөөдөр 12.00 цагаас эхэлж уртын дуучид, морин хуурчид "Уяхан замбуу тивийн наран, Энх мэндийн баяр" зэрэг уртын дууг шуранхайлж ордны жаврыг үргээв. АЖ, МУГЖ, СТА зэрэг олон алдартай уртын дуучид оролцож байна.
Тэдний дуулсан 10 дуу нь бүгд Төрийн хүндэтгэлийн дуу бөгөөд ямар утга учиртай, хаана, хэрхэн дуулах Монгол төрийн дуу гэж юу вэ зэрэг мэдээлэл өгч, Улс тунхагласны өдрийн мэнд дэвшүүлснээрээ ихээхэн онцлогтой байв.
Тухайлбал, "Уяхан замбуу тивийн наран", "Эрхэм төр", "Түмэн эх", "Хуур магнай", "Эртний сайхан", "Оломгүй далай", "Өвгөн шувуу", "Зээргэнтийн шил", "Дуртмал сайхан", "Хөөрхөн халиун", "Энх мэндийн баяр" зэрэг уртын дуунуудыг эгшиглүүлжээ.
Уртын дуу нь Монголын уламжлалт урлаг бөгөөд дууны үгээ нугалаа, айзам гарган сунжруулж, шуранхайлан дуулдаг тул ийн нэршжээ. Уртын дууны уужим тавиун аялгуу, хөг эгшгийн өргөн цараа, өвөрмөц намба төрхийг монголын уудам тэнүүн тал нутаг, цэлмэг хөх тэнгэр, нүүдэлч малчдын ажил амьдралын чөлөөт хэмнэл, аж төрөх ёсны онцлогтой холбон тайлбарлаж болно. Ёс заншил, сургаалийг илтгэсэн хүмүүжлийн чанартай үүргийг давхар агуулж байдаг. Уртын дуу нь түүхэн урт хугацаанд хэлбэр агуулгын хувьд төгс боловсорч, үгийн урлаг хөгжмийн урлагийн нэгдмэл цогц болсон байдаг гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
Төрийн есөн дууг уртын дуучид шуранхайлж, Төрийн ордны жаврыг үргээж байна.