| | USD/MNT 0₮

Эрүүл мэндийн яаманд БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ нэрээр дарга Я.Буянжаргал, Д.Нарангэрэл нарыг ХАЛЖ СЭЛГЭСЭН үү

Монгол Улс цар тахалтай тэмцэж байгаа энэ хэцүү цаг үед хамгийн хариуцлагатай байх Эрүүл мэндийн яамныхан халаа сэлгээ хийж эхэлсэн гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарч байв. 

Тэгвэл өчигдөр ЭМ-ийн сайд болон Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалын тушаалаараа ажлаа мэддэг, ажилдаа хариуцлагатай хэд хэдэн хүнийг ажлаас нь халжээ гэх мэдээлэл цахим сүлжээнд тархав.

Тодруулбал, ЭМЯ-ны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал нарыг ажлаас нь чөлөөлсөн байна.

Энэ хоёр албан тушаалтан бол бүтэн жилийн хугацаанд КОВИД-тай холбоотой мэдээллийг иргэдэд өгч, илүү танигдсан байсан хоёр. Салбарынхан ч тэднийг ажлаа сайн мэддэг хэмээн ам сайтай байдаг юм билээ. Гэвч албан ажлаас нь халж, өөр ажилд томилсон гэх мэдээлэл үнэний ортой болов. Тухайлбал, тэднийг яамны дотоод бүтцийн өөрчлөлт нэрээр өөр албан тушаалд томилжээ. Гэхдээ тэднийг ажлаас нь бүр чөлөөлөх гэж байсан ч олны хэл амнаас айж чиг үүрэг өөр албан тушаалд томилсон гэх мэдээлэл байна. 

Сүүлийн үед Я.Буянжаргал дарга өдөр бүр хийдэг хэвлэлийн хурлаар харагдахаа байсан нь ийм учиртай байна. Түүнийг аравдугаар сард ажлаас нь чөлөөлнө гэсэн мэдээлэл гарч байсан юм. Д.Нарангэрэл даргыг мөн өөр албан тушаалд томилох нь хэр зөв шийдвэр вэ. Түүнчлэн ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү болон Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмааг чөлөөлнө гэсэн мэдээлэл ч байна. А.Амбасэлмаа, Д.Нарангэрэл нар бол Монгол Улсын урдаа барьдаг цөөхөн тархвар судлаач гэдгийг салбарынхан нь тодорхойлдог юм билээ.

Ер нь сайд солигдох бүрт өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлнэ гэдэг "өлөн" зангаа больсон цагт өмнөх ажлууд урагшилна. Яаманд олон жил бугшсан, юу ч хийдэггүй хүмүүсийг халж, залуу чадварлаг боловсон хүчнээр "цус сэлбэх" нь зөв ч салбартаа гайгүй гэсэн хоёр хүнийг халаад өөр албанд томилчихсон байна. 

Мөн бас тус яамны 20 гаруй хүнийг ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл байна. Тэд шүүхэд хандана гэдгээ ч мэдэгджээ. 

ЭМЯ-ны эх сурвалжийн хэлснээр "Тэд өөр бүтцээр ажиллана. Халаа сэлгээ байхгүй. Дотроо ажиллана гэсэн үг" гэв. 

Ийнхүү дэлхий нийтээрээ цар тахалтай нүүр тулж тэмцэж байхад манайд сайд нь халаа сэлгээ, бүтэц өөрчлөлт хийх нь хэр зөв оновчтой шийдвэр вэ. Өөрийн хамаарал бүхий найз болон ГССҮТ-өөс эмч нар авчирч дээр халагдсан хүмүүсийн оронд тавина гэсэн шум ч дуулдаж эхэллээ. Энэ цаг үед халаа сэлгээнээс илүү хариуцлага үүрэг хэрэгтэй байна шүү, салбарын сайд Т.Мөнхсайхан аа. 

Тодруулбал, ЭМЯ-ны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал нарыг ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл байна.
Нийгэм

Сэтгэгдэл (78)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.