| | USD/MNT 0₮

Коронавирусийн эсрэг вакцинд манай улс хүн амынхаа 60 хувийг хамруулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  цар тахлын эсрэг вакцин худалдан авах чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа Ажлын багийн төлөвлөгөөг баталсан.

Ажлын багийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахалж байгаа бөгөөд “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд коронавирусын вакциныг  ДЭМБ-аас баталгаажуулмагц эх орондоо шуурхай татан авахаар яриа хэлцэл хийж байгаа гэв. Тодруулбал, ирэх гуравдугаар сар гэхэд эхний ээлжийн вакцин Монголд орж ирнэ. Харин хэзээ хүн амдаа хийх вэ гэдэг нь тодорхой болоогүй байгаа юм.

Мөн түүнчлэн манай улс хаанаас вакцин авахаа шийдээгүй байгаа бөгөөд судалж байгаа гэх. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг гурван чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Нэгдүгээрт, олон улсын байгууллагуудтай харилцаж байна. Үүний нэг нь “COVAX” хөтөлбөр, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэсэн банк, санхүүгийн байгууллагуудтай гэрээ хэлцэл хийж байна. Хоёрдугаарт, улс орнуудтай вакцины чиглэлээр хамтран ажиллаж байна. Гуравдугаарт, вакцин бүтээгчидтэй холбогдож, гэрээ хэлцэл хийж байна.

2020-2021 оны төсөвт 51 тэрбум төгрөгийг вакцинд төсөвлөсөн. Вакцинаар нийт хүн амынхаа 60 хувийг хангах төлөвлөгөө гаргасан. Мөн бид вакцинжуулах эрэмбэлэн ангиллыг хийсэн. Тухайлбал, эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнууд, архаг хууч өвчтэй хүмүүс, онцгой, хил, гааль, цагдаа гэсэн цар тахалтай нүүр тулан ажиллаж буй алба хаагчид, 55-аас дээш насныхныг дархлаажуулна.

Түүнчлэн эдийн засгийн суурь салбарын ажилтнуудыг дархлаажуулна” гэсэн юм. 

Коронавирусийн эсрэг вакцинд манай улс хүн амынхаа 60 хувийг хамруулна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.