УИХ-ын Түр хорооны хуралдаанаар өнөөдөр Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг холбогдох албаны хүмүүсээс сонсов. Уг мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдаас асуулт асууж, хариулт авсан юм.
Учир нь халдварын голомт болоод байгаа Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг хариуцлага алдаж, дотроосоо халдварыг гадагш нь алдсан хэмээн олон нийт шүүмжилж, албаныхан ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байгаа юм.
Өнөөдрийн байдлаар тус эмнэлгээс голомтолж гарсан халдварын тохиолдол 150 гаруй болоод байгаа юм. Өчигдрийн байдлаар гэхэд 55 хүнд халдвар илэрсэн байгаа юм.
Тэгвэл хариуцлага алдаж, дотоодоосоо халдвар алдсан Баянзүрх дүүргийн эмнэлэгт ямар хариуцлага тооцох талаар УИХ-ын гишүүд Шадар сайд Я.Содбаатараас асууж тодрууллаа.
Тэрбээр "Баянзүрх дүүргийн эмнэлэг 1998 онд хувьд шилжсэнийг мэдэх байх. Хувийн эмнэлэгт асуудал гарсан. Холбогдох хүмүүст нь шалгалтууд хийж байгаа. Эмнэлгийн дотоод халдвар санаа зовоож байгаа нь үнэн. Баянзүрх дүүргийн эмнэлгээс алдагдсан халдварын анхны тохиолдол эмнэлэгт хэвтэхээсээ өмнө шинжилгээ өгөхөд сөрөг гарсан.
Хэвтэх хугацаанд нь мөн сөрөг гараад гурав дахь удаагийн шинжилгээгээр эерэг гарсан. Эмнэлэгт халдвар хамгааллын дэглэм сахих ёстой. Шалгалт ч хийж байна. Улсын эмнэлгүүдэд хариуцлагын асуудал ярьж байгаа. Хувийн эмнэлгүүдэд холбогдох шаардлагыг тавина" гэлээ.
Баянзүрх дүүргийн эмнэлгээс алдагдсан халдварын анхны тохиолдол эмнэлэгт хэвтэхээсээ өмнө шинжилгээ өгөхөд сөрөг гарсан.