| | USD/MNT 0₮

Д.Түвшинжаргал:Баян-Айраг компанид мэргэжлийн шуурхай бүлэг ажиллаж байна, маргааш шалгалтын хариу гарна

Завхан аймгийн Дөрвөлжин суманд уул уурхайн үйл ажиллагаа "Баян айраг эксплорэйшн" ХХК тав хоногийн өмнө цианит натри алдагдсан талаар мэдээлсэн билээ. Тодруулбал, үйлдвэрийн цианит дамжуулах хоолой задарч, цианиттай уусмал газарт их хэмжээгээр урссан байна.

Тус аймгийн цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага шуурхай дуудлагаар газар дээр нь ажиллаж байгаа аж

"Баян айраг эксплорэйшн" ХХК-ий хувьд өмнө нь хэд хэдэн удаа цианит натри алдаж байсан удаатай. Тодруулбал, 2015 онд цианит натри алдагдаж байсан бол мөн 2016 онд хүйтэрсний улмаас турба хагарч, мөн л цианит алдсан байна.

Харин гурав дахь удаа өнгөрсөн 2019 оны зургадугаар сарын 13-14-нд шилжих шөнө нуруулдсан хүдэрт үерийн ус хальж орсноос болж цианит алдсан. Хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сарын 17-нд үерийн усанд дахин цианит алдсан байдаг. Ийнхүү удаа дараа хортой бодис буюу цианит натри алдаж байсан тухайн компанитай ямар хариуцлага тооцсон бэ гэдэг нь одоогоор тодорхойгүй юм.

Харин тус компанийг шалгахаар ажлын хэсэг байгуулагдсан байгаа юм байна. Энэ талаар Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалаас дараах тодруулгыг авлаа.

-Сайн байна уу. Ажлын хэсэг байгуулагдаж Баян-Айраг компанийн цианит натри алдагдсан асуудлыг шалгаж байгаа гэсэн. Шалгалт ямар шатандаа явж байгаа вэ?

-Баян-Айраг компанийн уурхайд цианит натри алдагдсантай холбоотойгоор аймгийн Засаг дарга захирамж гаргаж Ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Ингээд аймгийн Онцгой комиссоос УОК-д хандсан. Мэргэжлийн хүмүүсийг авчирч дүгнэлт гаргуулахаар хандсан юм.

Үүний дагуу өнөө өглөө /өчигдөр/ УОК болон МЕХГ-аас шуурхай баг манай аймагт ирж, тухайн компанид ажиллахаар явсан байна. Энэ шуурхай бүлэг нөгөөдөр /маргааш/ гэхэд эцсийн дүгнэлтээ гаргачихна. Тэр мэргэжлийн хүмүүс аймгийн Ажлын хэсэгтэй хамтран Дөрвөлжин суманд ажиллаж байна. Тодруулбал, би Шадар сайд Я.Содбаатарт хандсаны дагуу шуурхай бүлэг ирж ажиллаж байгаа юм.

-Баян-Айраг компанийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байгаа юу?

-Тийм. Үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Аймгаас гарсан Ажлын хэсэг цианит натри алдсан байна гэж үзээд үйл ажиллагааг нь зогсоосон. Шуурхай бүлэг хоёр өдөр ажиллаад дүнгээ танилцуулахаар ажиллаж байна.

-Өмнө нь тус компани удаа дараа цианит натри алдаж байсан. Энэ хариуцлагагүй үйлдэлд нь ямар хариуцлага хүлээлгэж байсан юм бэ?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Байгаль орчны үнэлгээг гаргуулаад тодорхой хэмжээнд торгууль шийтгэл ногдуулж байсан зүйл байдаг юм билээ.

-Завхан аймагт өвөлжилт хэр байна вэ. Цас хэр орсон бэ?

-Өвөлжилт гайгүй байна. Урд талын хэдэн сумдаар цас ихтэй байгаа бол бусад газраар гайгүй цасгүй шахуу сайхан өвөл болж байна.

-Өвс тэжээлийн нөөц хүрэлцээ хэр байгаа вэ?

-Нөөц хүрэлцээтэй.

Завхан аймгийн Дөрвөлжин суманд УОК болон МХЕГ-аас гарсан шуурхай бүлэг ажиллаж байна. Маргааш гэхэд шуурхай бүлэг дүгнэлт шалгалтын дүнгээ гаргах юм байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.