| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгчийн зарлигаар Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон Ц.Цогт гэж хэн бэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр захирамж гаргаж, Улсын Дээд шүүхийн шүүгчээр Ц.Цогтыг томиллоо. Энэхүү томилгоог маш эрүүл, шударга зөв томилгоо болсон гэж олон нийт харж байгаа юм.

Ц.Цогт нь Дээд шүүхийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэжлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 88,64 оноо авч, шүүгчээр томилогдох болзлоо хангасан байна. Мөн УИХ-ын гишүүд ч түүнийг мэргэжлийн ёсзүйтэй шүүгч хэмээн үзэж дэмжсэн байгаа юм.

Ингээд Захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхийн шүүгчээс Дээд шүүхийн шүүгч болтлоо дэвжсэн Ц.Цогт гэж хэн бэ. 

Цэндийн Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. 45 настай, эрэгтэй, ам бүл хоёр. 

1983-1993 онд Архангай аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургууль, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, 2007 онд АНУ-ын хууль зүйн Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллежийг хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн.

2017 онд Япон Улсын Нагояагийн их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой. 

Тэрбээр 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслахаар, 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр, 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр, 2013 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.

Нэр дэвшигч Ц.Цогт нь шүүгчээр 16 жил, давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 9 жил ажилласан. Мөн 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш, 2007-2016 онд тавин хувийн багш, 2018-2019 онд цагийн багш, 2019 оны 9 дүгээр сараас Нийтийн эрх зүйн тэнхимийн гэрээт дэд профессороор тус тус ажиллаж байгаа гэв. 

Түүний нэрийг өнгөрсөн 11 дүгээр сард Байнгын хорооны хуралдаан дээр танилцуулж, улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж, гишүүд дэмжсэн байгаа юм.

Энэ үер УИХ-ын гишүүд түүнээс асуулт асуухад Нэр дэвшигч Ц.Цогт "Хараат бус шүүхтэй болж чадаагүйг хүлээн зөвшөөрөх үү гэж байна. Ер нь шүүхийн хараат бус бие даасан байдал гэдгийг институцийн болоод хувь шүүгчийн өнцгөөс тайлбарлая. Институцийн хувьд бие даасан шүүхтэй байх тогтолцоо нэлээн төвөгтэй замаар явж байна. Бүрэн бие даасан шүүхтэй болж чадаагүй байна. Засаж сайжруулах шаардлагатай. 
Олон шүүгч энэ тогтолцооны алдаанаас үл хамаарч хараат бусаар ажиллаж байгаа. Энд 100 итгэлтэй байна. Бүх шүүгч хүний атганд орчихсон, өргөдөл бичээд явдаггүй. 

Шүүгчийн ажлыг сонгуулиар авдаггүй. Мэргэшиж байж томилогддог. Мэргэшсэн хүн шүүгчийн ажлыг хийж байхдаа үнэлэгдэх явдал нь ёс зүй. Ёс зүйгээ хадгалаад явбал энэ ажлыг бүрэн дүүрэн хийх боломжтой. 

Надад өр байхгүй, би тийм өргөдөл бичиж өгөхгүй, өгч ч байгаагүй. Зарчмын хувьд тогтолцооны алдаа байсан. Улстөрч дээр өөрөө гүйгээд очдог шүүгч ховор байх. Тэгэхээр энэ хоёр талын зүйл байх. Тиймээс улс төрийн институци, улстөрчид шүүхээс нөлөөллөө татах хэрэгтэй. Шүүгч нар ч хараат бус байдлаа хамгаалж тэмцэх хэрэгтэй" гэж хэлж байсан юм. 

Нэр дэвшигч Ц.Цогт нь шүүгчээр 16 жил, давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 9 жил ажилласан. Мөн 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш, 2007-2016 онд тавин хувийн багш, 2018-2019 онд цагийн багш, 2019 оны 9 дүгээр сараас Нийтийн эрх зүйн тэнхимийн гэрээт дэд профессороор тус тус ажиллаж байгаа гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.