| | USD/MNT 0₮

Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан 24 цагаар ажилладаг цахилгаан халаагуурын эрэлт болон тень худалдан авах иргэд ихэсчээ

Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргаж, энэ хүнд цаг үед айл өрх болон албан байгууллагын тог, цахилгаан, усны мөнгийг ирэх долдугаар сарын 01 хүртэл төр даах зөв шийдвэрийг гаргаж, 3,3 сая хүний магнайг тэнийлгэж баярлуулаад байгаа билээ. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр ухамсар муутай иргэдийн уршиг балгаар тогны ачаалал эрс нэмэгдэж, ОХУ-аас нэмэлт тог авч байгаа талаар өчигдөр албаныхан мэдээлсэн билээ.

Учир нь улс төлбөрийг нь төлөх юм чинь гэртээ болон албан байгууллага, цаашлаад машины грашиндаа ч тень залгаж, тогны хүчдэлийг нэмэгдүүлж байгаа нь иргэдийн буруу юм. Хэдийгээр улс тог, цахилгааны мөнгийг тэглэж өгч байгаа ч иргэд нь ухамсартай, үүрэгтэй хариуцлагатай байх ёстой. Гэтэл дураараа дургиж, даварч байгаа үйлдэл хэрээс хэтрэх шинжтэй.

Тухайлбал, Зуун айлын барилгын дэлгүүрүүдээр "24 цагаар ажилладаг тень болон халаагуур асууж сураглаж байгаа иргэд олон байгаа талаар худалдаачид ярьж байна. 

Худалдаачид "Хүйтрээд ирэхээр тень болон халаагуурын худалдаа эрс нэмэгддэг. Учир нь гэртээ нэмэлтээр тень тавьж дулаахан өвөлжихийг хэн ч бодно. Мөн Засгийн газрын шийдвэр гарсантай холбоотойгоор тень худалдан авах иргэд олон байна. Манай зардаг тень бол ахуйн хэрэглээнийх. Иргэд тень худалдаж аваад хэрэглээгээ тохируулж чадахгүй дэлбэрэх тохиолдол мэр сэр гардаг шүү" гэв. 

Тень худалдаачин "Манай дэлгүүр онгойгоод хоёр хонож байна. Угаасаа энэ цаг үед тень худалдааны сезоны үе байдаг. Хүмүүс хүчдэл багатай тенийг боломжит үнэндээ тааруулж авч байна. Хамгийн үнэтэй тенийг бол иргэд нэг их авахгүй дээ. Үнийн хувьд 45-200 мянган төгрөгийн хооронд байна. Ер нь манайхан буруу хэрэглэж байж гал алдах тохиолдол бий шүү. Тэгэхээр иргэдийн цэвэр ухамсартай байж зөв сонголтоо хийх ёстой. Засгийн газраас гаргасан шийдвэрийг бол буруудахгүй, харин ч зөв шийдвэр. Хамгийн гол нь иргэд өөрсдөө хариуцлагатай, зөв хандлагатай байх ёстой" гэв. 

Тень осолтой. Хоёр хоногийн өмнө дугуй засварчин тень залгаж хоносноос болж дэлбэрэлт болж өөрөө нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Мөн НОБГ-т ахуйн хэрэглээний болон цахилгааны доголдолтой холбоотой халаагуур залгаж гал алдсан гэх дуудлага ирэх нь ч нэмэгдсэн талаар албаныхан хэлж байна.

Тэгэхээр иргэд халаагуур хэрэглэхдээ хэт ачаалал өгсний улмаас гал алдах эрсдэлд ороод байна. Цахилгаан халаагуурыг тохирсон метр квдратад зориулж авах ёстой. Гэтэл иргэд өөрсдөө цахилгааны хэрэглээгээ буруу зарцуулж, тогны ачааллыг нэмэгдүүлж байна гэж үзэж байна. 

Гэхдээ өчигдөр Засгийн газрын хуралдаанаар захирамж гарч, иргэд илүү хэрэглэсэн тогны мөнгөө өөрсдөө төлөх журмыг гаргасан байгаа юм. Ингэхээр иргэд хариуцлагатай байх ёстой. 

 

 

24 цагаар ажилладаг цахилгаан халаагуурын эрэлт болон тень худалдан авах иргэд ихэсчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.