| | USD/MNT 0₮

Хөрсөнд химийн хорт бодис алдсан “Баян-Айраг экплорэйшн”-ийнхон дахиад хариуцлагаас мултрах уу

- Тус компанийнхны өмнөх үйлдлүүдийг нэгтгэн шалгана –

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг, Хонконгийн хөрөнгө оруулалттай “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн уурхайд өнгөрсөн баасан гарагийн 08.00 цагт химийн хорт, аюултай цианид натри алдагдаж, их хэмжээний талбай бохирдууллаа. Тус компани үйл ажиллагаандаа цианид натри ашиглаж, нуруулдан уусгах технологиор алт олборлодог юм. Энэ бодисын хор, аюулын талаар уншигчид сайн мэдэж байгаа биз ээ. Цианид натри хэмээх бодис усанд орсон тохиолдолд цэвэрлэх боломжгүй. Хөрсөнд нэвчиж шингэсэн цианы хагас задралын үе нь 1-3 жил гэж тооцдог юм билээ.

Гэтэл тус уурхайн үйлдвэр, хүдрийн агуулах хоорондын хоолой хөлдөж, задран их хэмжээний цианы хүчил хөрсөнд асгаж, багагүй талбайг бохирдуулав. Өнгөрсөн баасан гарагт орон нутгийн хууль хяналтын байгууллагын эх сурвалжууд 490 гаруй га талбайг хамран цианид натрийн уусмал асгарч, уурын зуух руугаа ч орсон гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Завхан аймгийн ИТХ-ын болон Цагдаагийн газрын дарга, мэргэжлийн хяналтын, байгаль орчны байцаагч багтсан ажлын хэсэг газар дээр нь ажиллахаар явсан гэсэн мэдээллийг хэрэг гарсан даруйд бидэнд өгөв. Уг нь ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас ажлын хэсэг томилогдон газар дээр нь ажиллахаар болсон ч цар тахлын улмаас хөл хорьсон энэ үед орон нутаг руу явуулахгүй гэсэн шийдвэр Улсын онцгой комиссоос гаргасан учраас Завхан аймгийн Цагдаагийн газрынхан хэргийн газрын үзлэг шалгалт хийсэн гэнэ.

Энэ явдалтай холбогдуулан “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийнхан “Уурхайн үйлдвэрийн талбайд 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний 08.00 цагийн орчимд 110 мм-ийн хоолой задарч, бага агууламжтай, литр тутамд 0.06-0.07 гр буюу 63-70 ppm концентрацтай цианид натрийн сулруулсан уусмал хэсэг талбайг хамарч гоожсон. Тухайн үед ажиллаж байсан үйлдвэрийн ажилчид шугам хоолойд гарсан гэмтлийг хугацаа алдалгүй илрүүлж, урсгалыг зогсоон, орчныг бүрэн аюулгүй болгосон” хэмээн мэдэгдээд байгаа юм.

Хууль, хяналтын байгууллагын эх сурвалжуудын мэдээлснээр, “Баян-Айраг эксплорэйшн” компанийн үйл ажиллагааг түр зогсоон Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэллээ. Хэрэв Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, байгаль орчинд хор хохирол учруулсан нь тогтоогдвол Хонконгийн хөрөнгө оруулалттай эл компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах хуулийн заалт үйлчилж байна. Гэхдээ гэм буруутай, эсэхийг шүүх шийдэх учраас “Баян-Айраг эксплорэйшн”-ий үйл ажиллагааг хэрхэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Тус компанийнханд Эрүүгийн хуулийн 24.1-3 дахь хэсэгт заасан Байгаль орчныг бохирдуулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа аж. Тус компанийнхантай холбоотой, хууль сахиулах байгууллагад шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн хэрэг ганц энэ биш. Түүнтэй нэгтгэж шалгах үүднээс прокурорын байгууллага харьяалал тогтоохоор болж байгаа сурагтай. Тухайлбал, өмнө нь байгаль орчинд сөрөг нөлөө учруулж, цианид натри хөрсөнд алдсан, нөхөн сэргээлтээ хууль журмын дагуу хийгээгүй гэх зэрэг хэдэн сарын өмнөөс шалгасан үйлдлүүдтэй нь нэгтгэн мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэх бололтой.

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗААЛТЫГ МӨРДӨХГҮЙ ГЭЖ ҮҮ

“Баян-Айраг эксплорэйшн” компанийнхны үйл ажиллагаанаас болж байгаль орчинд хор хохирол учирч буй тохиолдол цөөнгүй. Гэвч тус компанийнхан хариуцлагаас мултарсаар ирсэн юм. Тухайлбал, 2014 оны арваннэгдүгээр сард цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан билээ. Тодруулбал, тухайн оны наймдугаар сарын 19-нд тус компанийн уурхайн орчимд бор шувууны төрлийн шар хацарт чагнуухай хэмээх 500 шувуу үхсэнийг анх бүртгэсэн бөгөөд түүнээс хойш өдөрт 50-60-аар нэмэгдсээр энэ төрлийн 1000 гаруй жигүүртэн хорогдсон юм. Уг хэргийг шалгах явцад хаягдлын сангийнхаа ус нэвтрүүлэхгүй байх ёстой хамгаалалтын давхаргад чанаргүй плёнк дэвссэн нь цоорч, хөрсөнд нэвчсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн нь тус уурхайн өөрийнх нь лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоогдсон. Энэ хоёр хэргийг хамтатган шалгаж байтал Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан Өршөөл үзүүлэх тухай хууль УИХ баталж, үйлчлэлд нь энэ хэргийг хамруулснаар мартагдсан билээ.

Гэвч түүнээс хойш хөрсөнд химийн хорт бодис алдсан тохиолдол нэг бус удаа гарсан ч тэгсхийгээд намжсаар өнөөг хүрчээ. 2016 онд гэхэд л Завхан аймгийн хууль сахиулах байгууллагынхан “Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Айраг эксплорэйшн” компани энэ он гарсаар хөрсөнд химийн бодистой ус асгасан хэрэг нэг бус удаа гаргалаа. Энэ оны хоёрдугаар сарын 1-нд химийн хорт бодистой ус дамжуулах хоолой нь чанаргүй байснаас болсон уу, хагарч, хөрсөнд цианид натритай ус асгарсан. Уг хэргийг нь МБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгуулахаар шилжүүлээд байтал мөн сарын дундуур дахиад тийм явдал гаргасан” хэмээн мэдээлж байсан юм. Түүнээс хойш 2019 оны зургадугаар сарын 13-14-нд орсон ус ихтэй борооны улмаас уулын ус үерлэж, “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн уурхайн хаягдлын сан усанд автсан юм. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус компанид уг үер болохоос гурван сарын өмнө шалгалт хийн, зөрчлүүд илрүүлж улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн ч түүнийг нь биелүүлээгүйгээс цианид натритай ус хөрсөнд алдсан байж болзошгүй гэж дүгнэсэн байдаг. Энэ явдлаас хойш Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Бага нуурт 2800 шувуу үхсэнийг дээрх уурхайн үйл ажиллагаатай холбон харддаг ч батлах баримт үгүй, чухам юунаас хордсон нь тодорхойгүй байсаар дуулиан намжсан юм. Уг нь Ашигт малтмалын тухай хуулийн 66.4 дэх хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаандаа химийн хорт бодис, бэлдмэлийг хэрэглэхдээ хууль, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг дагаж мөрдөөгүйгээс хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд ноцтой хохирол учруулсан бол тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу цуцалж, 20 жилийн хугацаанд дахин тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж заасан. Энэ заалтыг үндэслэл болгоод удаа дараа хөрсөнд химийн хорт бодис алдаж буй “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, байгаль орчныг хамгаалж, нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангах боломж төрд бий. Харамсалтай нь, хуулийн эл заалтыг хэрэгжүүлэх сонирхол эрх мэдэлтнүүдэд үгүй бололтой.

Бид цаашид хууль сахиулах байгууллагад шалгаж байгаа эл компанитай холбоотой хэргүүдийг дэлгэрүүлэн хүргэх болно.

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг, Хонконгийн хөрөнгө оруулалттай “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн уурхайд өнгөрсөн баасан гарагийн 08.00 цагт химийн хорт, аюултай цианид натри алдагдаж, их хэмжээний талбай бохирдууллаа. Тус компани үйл ажиллагаандаа цианид натри ашиглаж, нуруулдан уусгах технологиор алт олборлодог юм. Энэ бодисын хор, аюулын талаар уншигчид сайн мэдэж байгаа биз ээ. Цианид натри хэмээх бодис усанд орсон тохиолдолд цэвэрлэх боломжгүй. Хөрсөнд нэвчиж шингэсэн цианы хагас задралын үе нь 1-3 жил гэж тооцдог юм билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.