| | USD/MNT 0₮

Б.Отгонжаргал: Эрүүл болоод ирнээ гээд үлдээсэн хүүгээ бодож амь тэмцэн бурхандаа залбирч сууна

Өвчин хэлж биш, хийсч ирдэг гэлцдэг. Эрүүний ясны хорт хавдар хэмээх өвчтэйгөө тэмцэж, БНСУ-д эмчлүүлж байгаа нэгэн бүсгүй манай редакцид өөрийн захидлаа илгээж, олон нийтэд түгээж өгөхийг хүссэн юм.

Дэлхий дахиныг цочроож буй коронавирус цар тахлыг манай улс дотооддоо алдсаны улмаас хөл хорио, хязгаарлалт хийгдэж, улмаар биенэс эрхлэгчид, хувийн хэвшлийхэн, ард иргэдийн эдийн засаг элгээрээ хэвтэж, хоногийн хоолоо арайхийн залгуулж буй энэ хүнд үед хорт хавдартай, байнгын эмчилгээтэй хүмүүст илүүтэйгээр хүнд тусаж байна. Ингээд БНСУ-д хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа 31 настай бүсгүй эрүүл болоод ирнэ гээд орхиод явсан үрдээ эрүүл болоод эмчилгээгээ хийлгээд очихыг хүсч байгаа тухайгаа бидэнд хэлж, элэг нэгт түмнээсээ тусламж гуйсан захиаг нь нийтэлж өгөхийг хүссэн юм. Түүний захидлыг ямар нэгэн засваргүйгээр хүргэе.

"Сайн байцгаана уу,

Монголын ард түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие гэртээ өөрөө өөртөө өвчин намдаах тариа хийж байснаа бодоход БНСУ-д эмнэлэгтээ ирээд  2 сар орчим болж байна. Төлбөр мөнгө нь л байвал эмчилгээ үйлчилгээ, сувилгаа үнэхээр сайн юм. Судас олдохгүй бүтэн цаг нухаж судас хагараад эсвэл судас нь олдохгүй цусандаа хутгалдаж тариагаа ч хийж чадалгүй, өвчнөө ч намдааж чадалгүй уйлаад суудаг байсан бол энд ирээд хиймэл судас суулгуулж ямар ч зовлонгүй тариагаа хийлгэж эмчийн хяналтанд, өөр хүнд өөрийгөө даатгаж өөрийгөө бага ч болов чөлөөлөөд байна. Миний захидал,  ярилцлагыг нийтэлж, хандивын аяныг минь олонд хүргэхэд туслалцаа үзүүлсэн сайтууд, телевизүүдэд маш их баярлаж байгаагаа илэрхийлье.

Та бүхнийхээ тусаар, хандив өгч  ерөөл өргөсөн сайхан сэтгэлт монгол түмнийхээ буянаар би ямартаа ч 14 хоногийн тусгаарлалтаа эсэн мэнд даваад 2 удаагийн хими эмчилгээнд амжилттай ороод биеийн байдал маань өдрөөс өдөрт дээрдэж байна. Өнгөрсөн 2 сарын хугацаанд маш их хэцүү давааг давсан. Тусгаарлалтанд байх хугацаанд солонгос халуун ногоотой хоол таарахгүйн улмаас хавдараас гадна хаван нэмэгдэж, хоол тэжээлийн дутагдалд орж, трамдол гээд өвчин намдаах тарианы нөлөөгөөр гарийн булчинд эдээт буглаа гарч үрэвсэн гараа даахаа больж хүндрээд хүний эрхэнд бүрэн орсон. Ингээд 14 хоногийн тусгаарлалт дуусахаас өмнө яаралтай түргэн тусламжаар эмнэлэгтээ хүргэгдэн ирж 8 хоногийн турш эрчимт эмчилгээнд хэвтэж, гарны буглаагаа мэс засал хийлгэн цэвэрлүүлж, тэжээлийн дутагдал нөхөх эмчилгээ хийлгэсэн.  Хавдар өдрөөс өдөрт томорч байсан тул хими эмчилгээндээ  хурдан орохыг хүсч байсан  ч эрчимт эмчилгээнээс гараад бие маань сайн дээрдэхгүй байсан тул шууд орж чадаагүй. Хэд хоног  хүлээсний эцэст эхний хими эмчилгээ биеийн байдлаас шалтгаалан 70 хувьтай хийсэн. Бага тунгаар хийсэн тул хордлого өгөх нь бага байсан ч маш их ядарч хуруугаа хөдөлгөх ч чадалгүй болсон байсан, харин 2 дахь эмчилгээнээс биеийн байдал дээрдсэн гэж үзэн 100% буюу бүрэн тунгаар хими эмчилгээ хийсэн. Гэтэл эмчилгээний 3 хоногт  хавдар ясандаа янгинан өвдөж, амьсгал давчдаж амьсгалахад ч хүндрэлтэй болж, хордлого ихээр өгч,  хоол унд идэж чадахгүй бөөлжис цутган маш хүнд болсон. Харин 5,6 дахь өдрөөс хордлого тайлагдан амьсгал уужирч юм идэх хүсэл сонирхол нэмэгдэн юм залгих боломжтой болж байна. Баяртай мэдээ гэвэл хоёр хоногийн өмнө шинжилгээнүүдээ өгөхөд шинжилгээний үзүүлэлтүүд сайжирсан хими эмчилгээний үр дүн бага боловч мэдэгдэж эхэлсэн байна. Тийм учраас өөрөөсөө илүүчлэн хандив өргөсөн сайхан сэтгэлт монгол түмэндээ мэнд яваагаа дуулгахаар ийнхүү захидал бичиж байгаа минь энэ.

Хүнд хэцүү өдрүүдэд эрүүл болоод ирнээ гээд үлдээсэн хүүгээ бодож амь тэмцэн бурхандаа залбирч, сэтгэлийн өглөг өргөж байгаа та бүхнийхээ тус дэмийг бодон талархан залбирч, эрүүл болгоно гээд сэтгэлээ эмтэртэл надтай хамт өвдөж, надтай хамт шаналж байгаа хайртай хүмүүсээ бодон залбирч байлаа. Талархалын хүчээр хайрын хүчээр бурхан намайг сонсож хүнд хэцүү үеэ өдөр өдрөөр даван туулсаар байна.

Монгол оронд минь аймшигт тахал халдаж ард түмэн та  бүхэн минь айдас түгшүүртэй байгаа ч Монгол түмний минь заяа буян их тул даваад гарна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн минь дор бүрнээ хичээгээрэй. Өнгөрсөн сард эмчилгээний төлбөрийг минь олох гэж өөрсдөөсөө харамлан цуглуулаад явуулдаг байсан ах дүүсийн минь ажил төрөл зогсож, авах цалин байхгүй болж, авсан ажлаа ч гүйцэтгэж чадахгүй болсон тул эмчилгээний бус хэрэглээний төлбөрөө л арайхийж төлсөн. Энэ байдал хэдий хүртэл үргэлжлэхийг мэдэхгүй юм. Эмчилгээний явцад гарсан хүндрэлүүдээс болж тооцоолж байснаас өндөр  төлбөр гарсан, нэмэлт үйлчилгээ ч их авсан.

Ковид намайг олон удаа хясаж, эрүүл болох хүслийг минь унтраах гэсэн шиг саад болсон ч бурхан миний талд байгаа тул намайг гэсэн хайртай хүмүүсийнхээ хайраар, ядарсан нэгнээ орхидоггүй сайхан сэтгэлт ард түмнийхээ буянаар би эмчилгээгээ сайн хийлгээд эрүүл болоод хүү дээрээ очноо.

Цар тахалтай хүнд хэцүү үеийг туулж байгаа та бүхнээсээ хандив гуйхаас зүрхшээж байгаа ч эмчилгээний төлбөргүй бол дараа дараагийн эмчилгээ зогсож, зовж зүдрэн байж энэ хүртэл даван туулсан бүхэн минь  дэмий зүйл болох тул надад туслаж чадах  нэгэнд хүртэл түгээж өгч,  тав, арав гэлтгүй хандивийн аянд минь нэгдэж өгөөч хэмээн та бүхнээсээ гуйж байна. Одоо эмчилгээний төлбөрөөс 78 сая төгрөг дутуу байгаа юм. Монголд байгаа хэд маань төлбөр бүрдүүлэх гэж маш хэцүү байгаа гэдгийг ойлгож байгаа учраас тэдэндээ нэмэр болохын тулд өөрийн чаддаг зүйлээ ч болов хийж захиа бичиж сууна. Хүнээс юм гуйх нь эрүүл саруул, өөр хүнд ичмээр юм шиг боловч төрүүлсэн ганц үрийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн юуг ч даван туулахад бэлэн байгааг минь ойлгоорой. Надад тусласан бүхэндээ маш их баярлалаа.

Хандивын данс: 

Хаан банк- 5018066681 – Б. Отгонжаргал

Хаан банк $: 5400666275 – Б. Отгонжаргал

ХАНА БАНК 144-91064786107 Б. Нацагмаа (Солонгос дахь воны данс)

Холбоо барих: 77815335, 88991169" гэсэн байв.

Хүнд хэцүү өдрүүдэд эрүүл болоод ирнээ гээд үлдээсэн хүүгээ бодож амь тэмцэн бурхандаа залбирч, сэтгэлийн өглөг өргөж байгаа та бүхнийхээ тус дэмийг бодон талархан залбирч, эрүүл болгоно гээд сэтгэлээ эмтэртэл надтай хамт өвдөж, надтай хамт шаналж байгаа хайртай хүмүүсээ бодон залбирч байлаа. Талархалын хүчээр хайрын хүчээр бурхан намайг сонсож хүнд хэцүү үеэ өдөр өдрөөр даван туулсаар байна.
Нийгэм

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.