| | USD/MNT 0₮
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан гурван удаа зээл авч банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан угаасан хэрэгт шалгагдаж байсан УИХ-ын гишүүн асан Л.Энхболд шинэ албан тушаалд томилогдох тохиролцоогоо хийжээ.
Тодруулбал, эрх баригч намынхан нь Л.Энхболдыг "Эрдэнэс Монгол" компанийн дэд захирлаар томилохоор болжээ. Тэрбээр өнгөрсөн хавар ЖДҮХС-аас зээл авсан асуудлаас болж УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ хасуулж байсан нэгэн юм.
Тэгвэл УИХ-ын албан тушаалгүй болсон тэрбээр компанийн дэд захирлаар ирэх нь. УИХ-ын гишүүн байхдаа ЖДҮ-гээс "би зээл авч байгаагүй" хэмээн мэлзэж, нүүрсний хулгайн хэргээр хувийн тоглолт буюу шоудалт хийж байсан тэрбээр үнэнд гүйцэгдэж, баримт нь илт болж байсан удаатай.
Тодруулбал, тэрбээр анх 2016 оны 12 дугаар сард өөрийн төрсөн охин Э.Мандухайнхаа нэр дээр бүртгэлтэй “Мийт Экспорт Интернэшнл” компаниар дамжуулан 1 тэрбум 300 сая төгрөгийн зээл авсан байжээ.
Тэгээд гурав дөрөвхөн сарын дараа охиныхоо тэрхүү зээл авсан “Мийт Экспорт Интернэшнл” компанийн ихэнх хувьцааг өөрийн туслахаар ажиллаж байсан Э.Чагнаасүрэн гэгчид шилжүүлжээ. Ингэж компаниа яаран бусдад шилжүүлэх болсон нь түүний гэр бүлийнхэн ЖДҮХС-аас хууль бусаар зээл авсан хэргээсээ займчиж бултах санаатай байсан юм байна.
Тэгвэл бас Э.Чагнаасүрэнгийнх нь эзэмшилд байдаг “Хас Говь Транс” компанийн нэр дээр 2018 оны ЖДҮХС-аас 6 дугаар сард 950 сая төгрөг шилжиж орсон байх юм.
Мөн энэ үеэр Э.Чагнаасүрэнгийн хамаатнуудын “Жаргалант Харвес” компанийн нэрээр ЖДҮХС-аас 1.2 тэрбум төгрөгийн зээл авчээ. Эдгээр гурван удаагийн зээл болгоных нь цаана УИХ-ын гишүүн Л.Энхболд өөрөө сууж байсан нь ил тод болсон юм.
Ийнхүү ЖДҮ-чин гэх хэргээ хуулийн байгууллагаас мулталж авч чадсан. Мөн хамаарал бүхий этгээдүүдэд холбогдох зээлийн хэрэг нь хэрхэн яасан нь мэдэгдэхгүй байгаа ч ЖДҮ-чин нэртэй, зээлийн данстай Л.Энхболд шинэ албан тушаалын шагнал авах нь хэр зөв шударга үйлдэл вэ.
Түүнийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй ойр дотно байдаг учраас энэ албан тушаалд зүтгүүлсэн байх гэж харж, хардаж байгаа хүмүүс ч олон байна.
ЖДҮХС-аас гурван хувийн хүүтэй зээлийг өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан авч, бусдын боломжийг булаасан хэрэгт буруутгагдаж байсан УИХ-ын гишүүн асан Л.Энхболд шинэ албан тушаалд томилогдохоор тохироо хийжээ.