| | USD/MNT 0₮
“Ганцаардсан чоно” хочит зохиолч Хонхэрэйдийн Б.Энхбат ШШГЕГ-ын харьяа Мааньтын хорих 415 дугаар ангид хүн амины хэргээр 10 гаруй жилийн ял эдэлж байгаад одоогоос гурван жилийн өмнө гарч ирсэн юм.
Өдгөө “Хөх монгол бүлгэм” ТББ-аа удирдахын зэрэгцээ ном зохиол бичиж гэртээ сууна. Тэрбээр саяхан Жанжин Д.Сүхбаатарын тухай жүжиг бичсэн байна.
Тэрбээр охиныхоо нөхрийг буудаж амийг нь хохироосон гэх хэргээр ялын дээд хэмжээ буюу цаазын ял сонсч байсан юм.
Түүнийг цаазын ял сонссон хамгийн сүүлчийн хүн гэж ярьдаг байв. Учир нь Б.Энхбатад цаазын ял оноосноос хойш Монгол Улс цаазын ялгүй орон болсноо зарласан гэдэг.
Гэхдээ ялтан Б.Энхбатын хувьд хоригдож байхдаа элдэв зөрчил гаргалгүй, засран хүмүүжсэн, ялтнуудад бичиг үсэг зааж, соён гэгээрүүлэх үйлд өөрийн гар биеээ оролцуулсан хэмээн цаазын ялыг нь 15 жилийн хорих ял болгон өөрчилсөн байдаг.
Түүнд цаазын ял оноож байсан хоёр шүүгчийнхээ талаар саяхан “Юм гэдэг их сонин шүү. Надад цаазын ял оноож явсан хоёр шүүгч өнөөдөр авлигын хэргээр эрүүгийн хэрэгтэн болж, шалгуулж байна” гэсэн утгатай зүйл ярьжээ.
Тэгвэл Б.Энхбатад цаазын ял оноож байсан хоёр шүүгч хэн бэ. Нэг нь гэр бүлийнхээ хамт шалгагдаж байгаа гавьяат хуульч Б.Сарантуяа шүүгч бол нөгөө нь цагдан хоригдож байхдаа өөрийнхөө амийг егүүтгэсэн гавьяат хуульч Л.Бямбаа шүүгч ажээ.
Талийгаачийн авлигын хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд хүү С.Төмөрбатад нь холбогдох авлигын хэргийг шүүгч нарын хэргээс тусгаарлан шалгаж буй. Гэхдээ тэрбээр гэр бүлийн хамт гадаад руу оргосон. Албадан авчирч, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд их хугацаа орно гэдгийг албаныхан хэлж буй.
Харин Б.Сарантуяа шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн байгаа бөгөөд “Салхитын мөнгөний орд”-ын хэрэгт холбоотой хэргийг нь үргэлжлүүлэн шалгаж байна.
"Хонхэрэйд"-ийн Б.Энхбатад цаазын ял оноож байсан хоёр шүүгч өнөөдөр авлигын хэргээр шалгагдаж байгаа бөгөөд нэг нь өөрийнхөө амийг егүүтгэсэн гавьяат хуульч Л.Бямбаа ажээ.