| | USD/MNT 0₮
Нийслэлийн Засаг даргаар томилогдсон цагаасаа хойш бусдад шүүмжлүүлж баалуулж байгаа хүн бол Д.Сумъяабазар дарга.
Энэ хөл хорионы үед хэчнээн ч олон шийдвэр гаргаж, түүнээсээ эргэж буцаж түмэн олны тэвчээр, уур бухимдлыг барав. Ямар нэгэн шийдвэр гаргахдаа ямар ч уялдаа холбоогүй, судалгаагүй шийдвэр гаргаж байна гэж олон нийт шүүмжилсээр байгаа нь үнэн. Өөрөө болохоор нэг зүйл ярина. УОК-иос өөр зүйл ярина. Орлогч дарга нар мөн зөрүүтэй өөр мэдээлэл өгнө гээд хоорондоо ямар ч уялдаа холбоогүй ажиллаж байгаа нь илт мэдэгдэнэ. Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн нь “17-гоос доош градустай согтууруулах ундааны төрлийг борлуулах эрхийг нээх шийдвэр гарсан” гэж өнгөрсөн баасан гарагт мэдээлэл өгсөн.
Гэтэл өчигдөр орой Хотын дарга нь “Шар айраг вино зарах зөвшөөрөл гараагүй, гарсан мэт олон нийтэд буруу ойлголт үүссэн. 10 хоногийн хугацаанд зарахгүй гэсэн” мэдээллийг өгөв.
Мөн хотын дарга нь хувийн машинаараа явахаар халдвар авна, автобусанд чихэлдээд явахаар халдвар авахгүй мэт ойлгуулж ард иргэдийг талцуулж, хэрэлдүүлж байгааг харвал ямар ч судалгаагүй, уялдаагүй, тооцоолоогүй шийдвэр гаргаж, томоохон эрсдэл дагуулж мэдэхээр байгаа юм. Ингэж л ам ажлын зөрүүтэй ажиллаж байгаа юм.
Өчигдрөөс эхэлж түүнийг аминдаа хайртай нэгэн гэж харах болов. Туслахынхаа үүдэнд тавьсан халуун хэмжигч төхөөрөмжийг нь олон нийтийн сүлжээнд шүүмжилж эхэллээ.
Олон хүн халдвараар үхлээ гэж бодоход хотын дарга, туслахтайгаа амьд үлдэж мэдэх нь шүү. Тэрбээр энэ онцгой цаг үед ажиллаж буй Нийслэлийн алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс ийм автомат төхөөрөмж өөрөө хувиасаа мөнгө гаргаж худалдан авсан гэх.
Үүнийг нь шүүмжилсэн иргэдэд тэрбээр өчигдөр ихэд ууртай, дээрэнгүй өнгө аясаар тайлбар хийж “Би хувиасаа мөнгө гаргаж туслах Мөнхболдыгоо явуулж авахуулсан юм. Дахиад хоёр төхөөрөмж авч Хангарьд болон НЗДТГ-ын үүдэнд байруулна. Мөнгө нь хувиасаа, одоо болох уу” гэж томорсон байгаа юм. Ер нь олон нийтийн сүлжээнд өөрийг нь шүүмжилсэн хүн бүхэнтэй зарга хийдэг дарга гэж хэлж болно.
Эндээс харахаар завтай юм шиг, эсвэл өөрийнхөө нэр төрийг ихэд хайрлаж хамгаалдаг ч юм шиг.
Уг нь төрийн ажилд тогтсон дэг журам гэж бий. Хотын дарга мөнгөтэй боломжтой хөрөнгөтэй байж болно. Гэхдээ төрөөс олгосон хөрөнгө, тоног төхөөрөмжөө л ашиглаач.
Мөнгөтэй өнгөтэй нь төрд өөрийнхөө хөрөнгөөр эд зүйлс худалдан авч байна гээд тавилга эд хогшил авч тавьдаг нь угаас зохимжгүй ёсзүйгүй үйлдэл. Өөрийнх нь удирдлага дор ажиллаж байгаа бүх албан хаагчид болон төрийн байгууллага бүр ийм тоноглол тавиагүй бол тэгш байх зарчимд нийцэхгүй ээ. Хэдийгээр хувийн хөрөнгөөрөө худалдан авсан ч логикийн хувьд “Би үхэхээр чи үх” гэсэнтэй адил ойлгогдож байгаа юм.
Тиймээс өөрийгөө ч өрөөл бусдыгаа ч хамгаалахын тулд бүгдэд нь өөрийн хөрөнгөөр худалдан авч өгч чадахгүйгээс хойш уг үйлдэл нь эс үйлдэхүйгээрээ Нийслэлийн хэмжээнд гаргаж буй шийдвэртээ өөрөө ч итгэлгүй байгаа мэт харагдаж байна.
Өөрийнхөө хөрөнгөөр халуун хэмжигч авч тавьсан Д.Сумъяабазарын хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад,
УИХ-ын гишүүн болсноос хойш түүний өөрийн орлого 27 саяас 45 сая болон өсч нэмэгджээ.
Анх УИХ-ын гишүүн болохдоо 880 орчим сая төгрөгийн зээлтэй байсан бол өнгөрсөн дөрвөн жилд зээлийн хэмжээ өссөөр өнөөдрийн байдлаар 1.3 тэрбумд хүрчээ.
Тэрбээр Баянгол Зочид буудал ХК, Эрдэнэс таван толгой ХК, Нэйшнл Фанд Менежмент ХХК, Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк ХХК-иудын хувьцааг тус тус эзэмшдэг байна.
Хотын дарга Д.Сумъяабазарт дахин хэлэхэд, та хөрөнгө мөнгөтэй баярхуу, аархуу байж болно. Төрийн ажил тэр дундаа хоёр гаруй сая иргэнтэй Нийслэлийг удирдаж байгаа удирдлагын хувьд ганцаарчилсан тоглолт хийж, ард иргэдээс ганцаараа оноо авах гэсэн хийрхэлээ зогсоож, төрийн ажилдаа төлөв төвшин, хариуцлагатай үүрэгтэй, ухамсартай оролцож байхыг хүсье.
Уг нь төрийн ажилд тогтсон дэг журам гэж бий. Хотын дарга мөнгөтэй боломжтой хөрөнгөтэй байж болно. Гэхдээ төрөөс олгосон хөрөнгө, тоног төхөөрөмжөө л ашиглаач.