| | USD/MNT 0₮

Өнөөдөр дэлхий нийтээрээ ДОХ-ын вирустэй тэмцэх өдөр

Жил бүрийн 12 дугаарсарын 1-ний өдрийг "Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр" болгон тэмдэглэдэг.  НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр болон ДЭМБ-аас дэвшүүлсэн уриан дор энэ жил 32 дахь удаагаа "Дэлхийн эв санааны нэгдэл -Хамтын хариуцлага" уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Монгол Улсад ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар 303 хүн халдвартай байна. Тэднээс 40 гаруй нь нас баржээ. Харин халдвартай 12 эмэгтэй байгаа тэд нийтдээ 24 хүүхэд эрүүл саруул төрүүлжээ.

Манайд халдвартай иргэдийн 80 хувь нь эрчүүд бөгөөд тэд ижил хүйстнүүд гэсэн судалгаа бий. 

ХДХВ-ийн халдвар:

- Бэлгийн замаар буюу ХДХВ/ДОХ-той хүнтэй хамгаалалтгүй /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орох

- Цусаар буюу халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариурыг дамжуулан хэрэглэх

- ХДХВ-ийн халдвартай эхээс урагт, хөхний сүүгээр ... халдварладаг байна

Шинж тэмдэг:

-ХДХВ нь хүний дархлалын тогтолцоог гэмтээж, дархлааг аажмаар сулруулдаг. Тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамааран дархлалын тогтолцоог гэмтээх явц нь 6 сараас 10 гаруй жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тухайн хүнд мэдэгдэхүйц зовиур илрэхгүй, эрүүл хүн шиг байх боловч бусдад халдвар тараах эрсдэлтэй байдаг. Энэ үед вирус зөвхөн дархлалын тогтолцоонд чухал үүрэгтэй Т4 эсийг гэмтээдэг байна.

Дархлалын тогтолцоо сулрах тусам тухайн хүн турж эцэж, амархан ядарч сульдаж, янз бүрийн арьсны өвчинд өртөмтгий болдог. Улмаар уушигний үрэвсэл, хомхой, сүрьеэ, хорт хавдар зэрэг илүү ноцтой хүнд өвчнүүдэд өртөнө. ДОХ өвчний үед Илрэх шинж тэмдгүүд:

- Биеийн жин буурах

- Байнга ядрах

- Шөнө хөлрөх

- Хүзүү, суга, цавины булчирхай томрох

- Амьсгаадах, хий ханиах

ХДХВ хүний дархлааг устгаж, ДОХ өвчний шатанд хүрсэн нөхцөлд өвчтөн 1-2 жилийн дотор нас бардаг байна.

Илрүүлэх арга:

ХДХВ-ийн халдварыг цус, шээс, шүлснээс дээж авч шинжилгээгээр илрүүлдэг. Хүний цусанд эсрэг бие гол төлөв 4-8 долоо хоногийн дараа илэрдэг ч зургаан сар хүртэлх хугацаанд илрэхгүй байж болно. Халдвар авсан цусанд эсрэг бие илрэх хүртэлх хугацааг “цонх үе ” гэнэ.

Эмчилгээ:

ДОХ/ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг төгс эмчлэх аргыг дэлхий дахин өнөө хэр нь олж чадаагүй байна. Эмчилгээний арга гэвэл энэ вирусийн хөгжлийн хурдыг саармагжуулах, халдвартай хүмүүсийн дархлааг дэмжих төдий л арга байна. Гэхдээ ДОХ-ын үүсгэгч уг вирусээс урьдчилан сэргийлэх арга замуудыг тогтоогоод байгаа юм.

ХДХВ-ийн халдвараас сэргийлэх арга замууд:

- Хосууд бие биедээ үнэнч байх

-Тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах,тэвчих

- Бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэ

- Зүү тариурыг дамжуулан хэрэглэхгүй байх

ДОХ нь одоогоор бүрэн эмчлэгдэх аргагүй, үхэлд хүргэдэг өвчин. Гэхдээ ДОХ-оос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Манайд халдвартай иргэдийн 80 хувь нь эрчүүд бөгөөд тэд ижил хүйстнүүд гэсэн судалгаа бий.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.