ТАНИЛЦ: Засгийн газраас авч хэрэгжүүлэх 23 БАГЦ АРГА ХЭМЖЭЭ
Засгийн газраас ард иргэдийн эдийн засгийг дэмжих чиглэлээр дараах 23 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.
- 18 насны хүүхдийн 100,000 төгрөг болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 2021 оны долдугаар сарын 01-н хүртэл тасралтгүй олгох,
- 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд ноогдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд НДШ төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад ААН, байгууллагыг алданги, торгуулиас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх,
- 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ноогдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх,
- 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд худалдаа, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр талбай түрээслүүлсэн ААН түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээгээр нотлогдсон тохиолдолд хэмжээгээр нь түрээсийн орлогод ноогдуулан ААН-ийн албан татварын хэмжээг бууруулах,
- 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хүнсний хангамжийг тогтвортой болгох зорилгоор импортоор орж ирэх бүх төрлийн будаа, ургамлын тос, өвс, мал амьтны тэжээл, улаан буудайг гаалийн болон НӨАТ-аас, Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан дээрх бүтээгдэхүүнүүдийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг нэн яаралтай боловсруулах,
- ЭМЯ-наас гаргасан халдвар хамгааллын шаардлагыг үндэслэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, савлалт, хүргэлт, түгээлт, борлуулалтыг хэвийн явуулах боломжийг авч ажиллах,
- Орон сууцны ипотекийн хөнгөлттэй зээлийг 2021 оны долдугаар сарын 01 хүртэл үндсэн болон хүүгийн төлөлтийг зээлдэгчийн хүсэлтэд нийцүүлэн хойшлуулах. Ингэхдээ үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгах нөхцөлийг судлах,
- Банк, ББСБ, ХЗХ-ноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулах зэргээр зээлдэгчдэд нэмэлт дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгаж зохицуулах,
- Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин биелүүлэх,
- Ногоон гарцын хэрэгжилтийг эрчимжүүлэх, ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх ажлыг БНХАУ-ын талд дипломат шугамаар тавьж шийдвэрлүүлэх,
- Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүний экспортыг хэвийн явуулах үүднээс хилийн боомтуудыг халдвар хамгааллын өндөр дэглэм дор ажиллуулах,
- Бүх төрлийн шуудан илгээмжийг ариутган, халдваргүйжүүлэх,
- 2021 оныг дуустал импортоор орж ирж байгаа оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, амны хаалтыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх,
- Татварын алдагдлыг хасаж тооцож тухай хуулийн төслийг иргэдэд таниулах,
- Татварыг цахимжуулах, аль болох иргэдэд хөнгөн шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах,
- Татвар төлөгчийн хүсэлтээр татварын өрийг тухай бүрд суутгах,
- Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн, бизнесийн сэргээхэд чиглүүлэх, тус сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх,
- Төсвийн, төрийн өмчийн байгууллагуудад үйлчилгээ үзүүлсэн иргэд, байгууллагад төлбөрийг шуурхай олгох,
- Үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийг бүх төсвийн байгууллагуудад үүрэг даалгавар өгөх,
- ААН-үүдийг тендерт оролцуулах зорилгоор тендер шалгаруулалтыг 12 дугаар сарын 04-нийг хүртэл сунгах,
- Төсвийг хянах, шаардлагагүй зүйлд төсөв гаргахыг зогсоох,
- Аж ахуйн нэгжүүдийг ажиллуулах талаар судалж, яаралтай танилцуулах,
- Хүн хоорондын зай барих, амны хаалт, өдөр тутамд ариутгал хийх зөвлөмжийг ил тод байршуулж, олон түмэн мэддэг, дагадаг боломж нөхцөлөөр хангаж, эв соёлыг харуулсан нэвтрүүлэг контентыг бүтээж, олон нийтэд хүргэхийг үүрэг болголоо.
Засгийн газраас ард иргэдийн эдийн засгийг дэмжих чиглэлээр дараах 23 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.