| | USD/MNT 0₮
УИХ-аар 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ сарын 15-наас өмнө эцэслэн батлах учиртай. Гэвч цар тахлын нөхцөл байдал хүндэрч улс даяараа бүх нийтээрээ хатуу дэглэмд шилжсэн байдалтай байна. Иймээс УИХ-ын чуулгана өнөөдөр цахимаар хуралдан ирэх оны төсвөө батлах бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн байна.
Тодруулбал, УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл онлайнаар хуралдаж, өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг ямар дэгээр, хэрхэн зохион байгуулах талаар санал солилцов. Улмаар онлайнаар буюу гишүүд Төрийн ордонд ирэлгүйгээр байгаа газраасаа хуралдаанд оролцох гэсэн хоёр хувилбарын аль нэгийг сонгох нь зүйтэй гэж үзжээ.
Энэ дагуу гишүүд өчигдөр онлайн хурал хийж, маргааш хуралдах чуулганы нэгдсэн хуралдааны дэг, үг хэлэх, санал хураалтад оролцох журам, техник, зохион байгуулалтын асуудлаар санал солилцсон байна.
Өнөөдөр буюу 13-ны өдөр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах юм.
Хуралдааныг онлайн хэлбэрээр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд өглөө 10.00-12.00 цагийн хооронд техникийн туршилт, тохируулгын ажил хийсний дараа нэгдсэн хуралдаан эхлэхээр болсон байна. Ийнхүү цар тахлын нөхцөл байдлаас үүдэн парламент анх удаа онлайн хуралдаан хийж 2021 оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах нь ээ. Нэгдсэн хуралдааны ирцийн бүртгэл 12:00 цагаас эхэлж бэлтгэл хангагдмагц цахим хуралдаан эхэлнэ.
Улсын Их Хурлын чуулганы цахим хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /2020.11.13-ны өдөр/
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.