| | USD/MNT 0₮
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
“Асгатын мөнгөний орд нь Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос баруун тийш 180 км, Цагаан нуурын чөлөөт бүсээс хойш 40 орчим км, Улаанбаатар хотоос баруун тийш 1800 км зайд оршдог. Тус ордыг 1976 онд БНМАУ-ын хилийн 100 км-ийн бүсийн геологийн судалгааны үед илрүүлсэн. 1986 оноос Асгатын мөнгөний ордын хэмжээнд явуулсан төрөл бүрийн геологийн судалгааны ажлын үр дүнд 25 метр квадрат талбайд тархсан дунджаар 3 км урт, 80 метрийн өргөнтэй 15 хүдрийн бүс илэрсэн. Нийт 6.4 сая тонн хүдэр, 72.6 мянган тонн зэс, 3.3 мянган тонн висмут, 31.8 мянган тонн сурьма, 2.2 мянган тонн мөнгөнөөс гадна бусад дагалдах холимог металлын нөөцтэй.
Автозам, төмөр зам зэрэг дэд бүтцийн хувьд хүндрэлтэй, алслагдмал, төвийн эрчим хүчний шугаманд холбогдоогүй, үйлдвэрлэлийн усан хангамж шийдэгдээгүй, баяжуулалтын технологи сонгогдоогүй зэрэг олон шалтгааны улмаас тус ордыг эргэлтэд оруулалгүй өдийг хүрсэн юм.
Засгийн газраас 2019 оны 01 дүгээр сард Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн. УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор Асгатын мөнгөний ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулсан.
Олон улсын судалгаанаас үзвэл мөнгөний үнийн таамаглал өөдрөг байгаа бөгөөд 2030 он хүртэл мөнгөний хэрэглээ өсөх хандлагатай байна. Тус ордыг ашиглах урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг 1995 онд “Апекс Сильвер” компани, 1998 онд “Сибгипрозолото” компани тус тус хийжээ. “Эрдэнэс Монгол” ХХК энэ онд “Сибгипрозолото” компанийн хийсэн ТЭЗҮ-д тодотгол хийж, эдийн засгийн үзүүлэлтийг өнөөгийн үнэ цэнд шилжүүлэхэд хөрөнгө оруулалтын хэмжээ 123.8 сая ам.доллар (77.3 сая ам.долларыг өнөөгийн үнэ цэнээр тооцоолсон), дотоод өгөөжийн норм 21.3 хувь байна гэсэн тооцоо гарчээ.
Ордыг 1956 онд анх илрүүлж, 1976 онд нарийвчилсан хайгуулын ажлыг хийж, нөөцийг нь тогтоожээ. “Монголросцветмет” нэгдэл байх үед жоншны нөөцийг 1990 он хүртэл ил уурхайн аргаар ашигласан байна. Одоогийн байдлаар үлдэгдэл нөөцтэй В+С зэргээр 33.35 хувийн агуулгатай 4.4 сая тонн бөгөөд 20 орчим ажил ашиглах боломжтой нөөц юм. Ордыг далд уурхайн аргаар ашиглахаар төлөвлөсөн бөгөөд ТЭЗҮ-ийг эцэслэн батлуулахаар ажиллаж байгаа аж.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагуудад чиглэл өгөх байнгын хорооны шийдвэрийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувийн саналаар дэмжлээ.
Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир ахлах бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Б.Дэлгэрсайхан Х.Бадехан, Т.Энхтүвшин, Г.Ганболд, Д.Өнөрболор нарын бүрэлдэхүүнтэй ажиллахаар тогтсон байна.