| | USD/MNT 0₮
-Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээлэлд хариу өгөлгүй 200 гаруй хоносон нь ноцтой зөрчил-
Шинэ он гармагц Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц Азийн Үндсэн хуулийн шүүхийн нийгэмлэгийг даргалах эрхээ хэрэгжүүлэхээр болсон. Энэ нийгэмлэг 19 гишүүн оронтой нэгддэг, манай ҮХЦ үүсгэн байгуулагчдынх нь нэг гэгддэг. Даргалах эрхээ хэрэгжүүлэхээс өмнө дотооддоо ажлаа “сайн хийх”, нэр хүндээ бодож ажиллах цаг боллоо. Асуудлууд байна.
Үндсэн хууль нь төрийн эрх мэдлийг хязгаарлаж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах эцсийн бат цайз. Энэ байгууллагын чиглэл, зорилго нь ч хуулиараа ийм юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийг чандлан сахиулагч учраас түүнтэй зөрчилдсөн ердийн хуулийг хүчингүй болгодог гэдэг утгаараа мөн л хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой гэсэн үг.
Үндсэн хуулийн Цэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Үндсэн хууль зөрчсөн тухай иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг хүлээн авсан гишүүн анхны шалгалтыг 14 хоногийн дотор хийж маргаан үүсгэх эсэхийг өөрийн санаачилгаар шийдвэрлэнэ”, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Маргаан үүсгэсэн бол хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногт гүйцэтгэнэ, маргаан ээдрээ, төвөгтэй шалтгаанаар 30 хоног сунгаж болно”, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Бэлтгэл ажил дууссан бол хуралдааныг зарлана” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, иргэн өргөдөл, мэдээлэл гаргаснаас хойш хамгийн удаандаа 74 хоногийн дотор шийдвэрлэх хуультай билээ.
Үндсэн хуулийн Ццийн гишүүдийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн зөвлөлгөөнөөр хэлэлцэн баталсан Үндсэн хуулийн Цэцэд маргаан шийдвэрлэх ажиллагааны дэгт ч хуульд заасан хугацааг баримтлахаар зохицуулалт тусгасан байдаг.
Гэтэл Үндсэн хуулийн Цэц хууль тогтоомжид заасан хугацааг огт баримтлахаа болиод удаж байна. Өргөдөл, мэдээллийг шийдвэрлэх хуралдаанаа хийхгүй удаашрах хооронд Үндсэн хууль зөрчсөн хуулиас болж хэчнээн хүний эрх зөрчигдөж байгааг таашгүй. Энэ бол Үндсэн хууль, хууль дээдлэх ёс, хувь хүний үнэ цэн талаасаа маш ноцтой хохирол гэдгийг ухамсарлах ёстой.
Тухайлбал, УИХ-ын 2020 оны 01 сарын 10-нд баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тухай нэр бүхий есөн иргэн мэдээлэл гаргаад 5-7 сар болж байна. 150-210 хоног. Гэтэл одоо болтол таг. Цаашид хэр удахыг ч мэдэх боломжгүй. Мэдээлэл гаргагчид байнга асууна, лавлана. Мэдэхгүй гэсэн хариунаас өөр зүйлгүй. Ийм байж болохгүй. Энэ зөрчил удвал иргэдийн шүүхэд итгэх итгэл алдрах ч биш, бүр алга болно.
Шулуухан хэлэхэд тэр хууль нь одоо толгой дараалан ял авч байгаа улстөрчдөд л зориулсан хууль. Зарим нэг улстөрч, гишүүн, сайд нарын нэр хүндээ өсгөх гэсэн л хууль. Үндсэн хууль зөрчсөн гэдэг нь 100 хувь ойлгомжтой. Цэц нь хуралдаад хүчингүй болгочихвол улс төрийн хэргээ гаргаж чадахгүй болчихно. Тэгэхээр Цэцэд ч нөлөөлж байгаа гэдэг хардлага дүүрэн байна.
За, улстөрчдөд ял өгөх зорилготой юм байж. “Ял өгөг!” гэхэд санаатай, санаадгүй алдаж гишгэсэн хэдэн зуун, магадгүй мянгаар тоологдох хүмүүс хөлд нь үрэгдэж, ял авч, гэр бүлтэйгээ байхын оронд шоронд сууж байна. Ихэнх нь хэдэн улстөрчийн тоглоомын золиос болж байгаагаа ч мэдэхгүй. Ямар олон хүний амьдралыг зольж байж авдаг “өш хонзон”, эрх ашиг вэ? Байнга ярьдаг 37 оны хэлмэгдүүлэлт нь ил болсон бол одоо далд болжээ.
Яах вэ Цэц маргаан шийдэх хооронд Үндсэн хууль зөрчсөн хуулиас болж хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалж шүүх тухайн хуулийг хэрэглэхээс татгалзаж, хэргийг түдгэлзүүлэх хуультай. Гэтэл хар дээр цагаанаар бичсэн, хуульч биш хэн ч уншаад ойлгох хуулийг шүүх нь хэрэглэхгүй байна. Аль ч шүүх, ямар ч шүүгч, прокурор, өмгөөлөгч, иргэн гээд хэн ч уншсан ямар ч эргэлзээ, ойлголтын зөрүү гарахааргүй, түдгэдзүүл гэсэн хуулийг яагаад хэрэглэхгүй байна вэ? Үндсэн хуулийн Цэц нь хүний эрхийг хамгаалагч биш шүүхтэйгээ нийлээд зөрчигч болчих гэж. Дээрээ хөх тэнгэрээс өөр зүйлгүй гэж хөөрцөглөж суухын оронд хөрсөн дээрээ буугаад, хуулиа дээдлээд хуралдаанаа хийгээд асуудлаа нэг тийш болго л доо, эрхэмсэг Цэц ээ! Хөх тэнгэр биш хүний эрх оройд чинь байдгийг ойлгоход дахиад хэдэн жил, хэдэн хүний зөрчигдсөн эрх хэрэгтэй вэ?
Б.Тулга
Яах вэ Цэц маргаан шийдэх хооронд Үндсэн хууль зөрчсөн хуулиас болж хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалж шүүх тухайн хуулийг хэрэглэхээс татгалзаж, хэргийг түдгэлзүүлэх хуультай. Гэтэл хар дээр цагаанаар бичсэн, хуульч биш хэн ч уншаад ойлгох хуулийг шүүх нь хэрэглэхгүй байна. Аль ч шүүх, ямар ч шүүгч, прокурор, өмгөөлөгч, иргэн гээд хэн ч уншсан ямар ч эргэлзээ, ойлголтын зөрүү гарахааргүй, түдгэдзүүл гэсэн хуулийг яагаад хэрэглэхгүй байна вэ?