| | USD/MNT 0₮

Энэ жил Чингис хаан одонг хэнд олгох вэ

Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одон гардуулдаг уламжлал 2005 оноос тогтсон билээ. 

Өнгөрсөн хугацаанд нийт 11 эрхэмд тус одонг олгосон. Харин өнгөрсөн жил "The Hu" хамтлагт энэхүү одонг хүртээсэн билээ. Тэгвэл энэ сарын 16-нд буюу ирэх даваа гарагт тохиох Монгол бахархалын өдөр Чингис хаан одонг хэн зүүх вэ гэдэг нь ихээхэн анхаарал татаж байна.

Магадгүй цар тахалтай энэ үед хариуцлагатай ажиллаж байгаа ХӨСҮТ-ийнхэн зүүж магадгүй гэсэн мэдээлэл ч гарах болов. Хэнд өгөхөө Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө шийднэ.

"Чингис хаан" одон хүртсэн иргэнд тухайн үеийн ханшаар есөн цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйл олгодог.  “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй байдаг. 

Дашрамд сонирхуулахад 2005 оноос хойш эдгээр эрхмүүд Чингис хаан одонг зүүж байжээ. 

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат /2005 он/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны зургаадугаар сарын 24-ний зарлигаар, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад анх "Чингис хаан" одонг гардуулж байв. Энэ нь Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр анхны Ерөнхийлөгчид гардуулсан онцгой тохиолдол юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт, "Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулж батлуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй удирдан гүйцэтгэж, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг өрнүүлж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлон байгуулах, үндэсний соёл уламжлалыг сэргээн хөгжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж "Чингис хаан" одонгоор шагнасугай" хэмээжээ.

Хөгжмийн зохиолч, УГЗ, Хөдөлмөрийн баатар Б.Шарав /2006 он/

Тэрээр, 1983 онд ОХУ-ын Свердловск (одоогийн Екатеринбург) хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгсөж, амьдралынхаа бүх цаг хугацаанд ард түмний сэтгэлд хоногшсон 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвихын сацуу 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажилласан байна. Түүний хөгжмийн урлагт оруулсан хөдөлмөрийг үнэлж 1992 онд Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, 2006 онд Чингис хаан одон, 2019 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн /2009 он/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2009 онд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнд Чингис хаан одонг хүртээжээ. Ерөнхийлөгчийн зарлигт, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь үнэлж Дашийн Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасугай” гэсэн байна. 

Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж /2010 он/

Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж улсын баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, Р.Гончигдоржид 2010 онд Чингис хаан одонг хүртээсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди /2011 он/

Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж 2011 онд Чингис хааны одонгоор шагнажээ. 
 

УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл /2012 он/

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2012 онд Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Дамдины Дэмбэрэлд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон – Чингис хааны одонг хүртээж байжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном /2013 он/

Д.Содном нь 1984 онд Ю.Цэдэнбалыг огцорсны дараа Улс төрийн Товчооны гишүүнээр сонгогдож Засгийн газрыг тэргүүлсэн. Түүний засаглалын жилүүдэд Монгол Улсын гадаад харилцааны салбарт ахиц гарч АНУ болон Европын эдийн засгийн хамтын нийгэмлэгтэй дипломат харилцаа тогтоохын сацуу өөрийн нутаг дэвсгэрээс Зөвлөлтийн цэргийн ангиудыг гаргаснаар өмнөд хөрштэй хэвийн харилцаатай болох үндэс суурь тавигджээ.

Эрдэмтэн, физикч Х.Намсрай /2014 он/

Шинжлэх ухааны салбараас хамгийн анх Чингис хааны одон хүртсэн эрхэм бол академич Х.Намсрай юм. Тэрээр, Москвагийн их сургуулийг 1968 онд дүүргэснээс хойш физик, математикийн салбарт 46 жил ажилласан юм. Түүний боловсруулсан "Ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онол" физикийн салбарт шинэ чиглэл гаргажээ.

Ингэснээр дэлхийн физикчдийн дунд нэрд гарсан "Намсрайн онол", "Намсрайн дөхөлт" гэсэн онол, арга зүйн шинэ шийдэл, томьёоллыг бий болгосон байна. Мөн математикийн салбарт интеграл, дифференциал тоололд шинэ чиглэл гаргаж, интегралыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг боловсруулжээ.

Зохиолч, яруу найрагч, СГЗ Г.Мэнд-Ооёо /2015 он/

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Гомбожавын Мэнд-Ооёо нь Монгол Улсын Төрийн дээд шагнал, Чингис хаан одонг хүртсэн ес дэх эрхэм юм. Соёлын гавьят зүтгэлтэн, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо нь 1978 онд УБДС төгссөн.

Монголын Соёл Яруу найргийн Академийн тэргүүн Г. Мэнд-Ооёо яруу найраг, хүүрнэл зохиол, бодрол бясалгал, нийтлэл судлалын 30 гаруй ном хэвлүүлсний зэрэгцээ түүний уран бүтээл англи, япон, хятад, бенгаал, македон хэлнээ хөрвүүлэгдсэн, дэлхийд Монголыг төлөөлж байгаа цөөхөн яруу найрагчдын нэг. 1996 онд СГЗ цол ,1998 онд "Алтан овоо" "Утгын болор сүм" номоороо МЗЭ-ийн шагнал 2001 онд олон улсын яруу найргийн ПЕН клубийн шагнал, 2002 оны оны шилдэг зохиолч шагнал авсан аж.

Дуурийн дуулаач МУГЖ Г.Ариунбаатар /2016 он/

Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлсэн Г.Ариунбаатар нь 23 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн билээ. Тэрбээр, өнгөрсөн зун “ВВС” телевизийн “Cardiff Singer of the World” тэмцээний финалын үеэр шүүгч Мэри Кингийн сэтгэлийг хөдөлгөн уйлуулж, олны анхаарлыг татсан нэгэн.

Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр /2017 он/

Найдангийн Түвшинбаяр нь 2008 оны Бээжингийн зуны олимпын Жудо бөхийн төрлөөс эх орондоо олимпын наадмын анхны алтан медалийг авчирсан юм. Түүний дээрх амжилтыг нь үнэлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин цол хүртээж байсан. Тэрбээр, мөн 2012 оны Лондонгийн олимпын Жудо бөхийн төрлөөс мөнгөн медаль хүртэж олимпын хос медальтан болсон.  Түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар, Төрийн дээд шагнал- тэргүүлэх зэргийн "Чингис хаан" одонг 2017 онд хүртээсэн байна.

"The Hu" хамтлаг /2019 он/ 

Монголын язгуур хөгжмийг металь хөгжимтэй хослуулан өв соёлоо дэлхий нийтэд сурталчилж буй "The Hu" хамтлаг нь морин хуур, цуур, хэл хуур, товшуур зэргийг метал хөгжимтэй хослуулж, хөөмийн аялгуугаар чимж түүнийгээ "Хүннү рок" гэж тунхагласан нь хэдийн дэлхийн өнцөг булан бүр дэх рок сонирхогчдын сонорт хүрчээ.

The Hu хамтлагийн 2018 оны намар YouTube цахим хуудаснаа цацсан "Yuve Yuve", "Wolf totem" хэмээх хоёр дууг нь ганцхан сарын дотор 25 сая орчим хүн үзсэнээр, олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн юм. Wolf totem дуу нь энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд Billboard-ын "Hard rock" дууны ангилалд тэргүүлсэн анхны монгол хөгжим болж тодорсон.

Харин 2018 онд Чингис хаан одонг олгоогүй өнжиж байжээ. 

 

Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одон гардуулдаг уламжлал 2005 оноос тогтсон билээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.