| | USD/MNT 0₮

“Эрдэнэт үйлдвэр”-т аудитын шалгалт хийж байна

“Эрдэнэт үйлдвэр”-т аудит хийж байна. Уг шалгалтуудыг “Ачит ихт”, “Эрдмин” компаниудтай холбоотойгоор хийж байгаа бололтой

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т өнгөрсөн оны үйл ажиллагаанд нь санхүүгийн баталгаажуулалт аудит хийсэн байдаг. Дүн нь энэ оны дөрөвдүгээр сарын 1-нд гарсан боловч дахин аудит хийхээр болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр аудит хийж эхлээд хоёр долоо хонож байгаа аж. Аудитын зорилгын тухайд өмнө нь өгсөн зөвлөмжийн хэрэгжилт ямар байгааг шалгахаар аудит хийж байгаа гэх боловч зарим эх сурвалж “Ачит их”, “Эрдмин” зэрэг компаниудад 2017, 2018 онд өгсөн аудитын зөвлөмжийн хэрэгжилттэй холбоотой аудитыг хийж байгаа гэж мэдээлсэн юм. Яагаад Төрийн аудитын байгууллага энэ том үйлдвэрт ойр ойрхон буюу тогтмол аудит хийгээд байж болдоггүй юм бэ гэх шүүмжлэл байдаг. Гэтэл хүн хүч, цаг хугацааны хувьд энэ нь ҮАГ-т нэлээд хүндрэлтэй байдаг бөгөөд ихэнх нөөц бололцоогоо төрийн яам агентлагуудад зарцуулдаг аж. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хөндлөнгийн аудитын байгууллага болох “Эрнст энд Янг” компаниар аудит хийлгэдэг байна. Тус компанийн хувьд ч гэсэн арав гаруй аудиттай очоод зургаан сар судалж байж нэг дүгнэлт гаргадаг тийм том үйл ажиллагаа явагддаг гэж эх сурвалж тайлбарлалаа. Түүний хэлснээр хоёр долоо хоногийн өмнөөс төлөвлөгөөний дагуу хийгдэж эхэлсэн бөгөөд энэ нь тус үйлдвэрийн Ерөнхий захиралтай холбоотой асуудлаас үүдсэн хяналт шалгалтын ажил биш шүү гэв.

Үндэсний аудитын газрын хараат бус байдал эмзэгшив үү?

Үндэсний аудитын газар УИХ-ын харьяа байгууллага мөн үү? Уг нь хууль эрхзүйн орчноороо бол УИХ-аас хараат байгууллага биш. Гагцхүү тэндээс томилогддог, төсвийг нь тэнд баталдаг, УИХ-д тайлангаа өгдөг учраас дарамтын сигнал дуугардаг аж. Олон улсын стандартын дагуу төрийн аудитын байгууллагын хараат бус байдал хамгийн чухал. Харин хаана харьяалуулж зохион байгуулбал хараат байдал арилах вэ? Энэ эрхзүйн орчныг эргэн харах цаг болжээ. Хэрэв ҮАБЗ-өөс томилогддог байвал одоогийн хараат байдал арилах болов уу? Жил бүр төсвөө тануулж, эдийн засгийн аюулгүй байдалд нь халдаж, тогтвортой ажиллуулахын оронд томилгоог УИХ хийдэг, үүгээрээ дарамталдаг байгаа цагт төрийн хяналт хийнэ гэдэг хэзээ ч зүй тогтлын дагуу үр дүнд хүргэхгүй нь ойлгмжтой. Энэ байгууллагад өнөөдөр цахим мэдээллийн сан ч байхгүй яам, агентлаг дээр очоод цаасаар баримт гаргаж өгөхийг нэхээд сууж байдаг нөхцөл байдал арилаагүй байгаа нь зөвхөн Үндэсний аудитын газрын асуудал биш. Төрийн хяналтаар дамжуулж засаглалын одоогийн алдааг засч залруулах, цаашид сайн засаглалыг бий болгох тогтолцоо гажсаных юм.

Үндсэн хуулиар төрийн санхүү, төсвийн хяналт, нийтийн өмчийг хянах үйл ажиллагааг тусгайлсан хуулиар зохицуулагдсан байгууллага хянана гэж заасан байдаг. Төсөв, төрийн санхүүд Төрийн хуулиар зөвхөн аудитын байгууллага хяналт тавина. Энэ бол Үндсэн хуулиар зохицуулагдсан харилцаа. Хэрэв төсөв дээр өөр хяналт орж ирвэл Үндсэн хууль зөрчсөн асуудал болно. Ажлын хэсэг байгуулж шоудагчид шинээр баталсан Үндсэн хуулийн энэ заалтыг анхаарах хэрэгтэй. Төрийн санхүүг аудитаас өөр газар хянавал Үндсэн хууль зөрчсөн асуудал юм биш үү? Энэ талаар Үндсэн хуулийн 25.7-д заасан. Үүнд “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн байна.

Төсвийн байгууллага, Төрийн өмчит, аж ахуйн тооцоот газрын санхүү, хангамж өөр билээ

Ингэхэд Шилэн дансанд бүх гүйлгээг ил болгох ёстой юм уу. Худалдан авах ажиллагааг ил болгох ёстой юм уу? Нуусан эс нуусан асуудал уу, юунд яагаад зарцуулсан асуудал юм уу?

Төрийн өмчит үйлдвэрийн газрын хувьд төсвийн зарцуулалт гэдэг ойлголт байхгүй. Байгууллагын үйл ажиллагааны ашиг ямар байна, байгууллага өөрөө худалдан авах ажиллагаагаа ил тод явуулж байна уу хуйвалдаж явуулаад байна уу гэдэг л чухал. Эмнэлэг бол төсөвт байгууллага. Ашиг олох үүрэггүй. Тэдний нэг боодол бичгийн цаасаа хаанаас, хэдэн төгрөгөөр авсан нь хүртэл татвар төлөгчид хамаатай. Бизнесийн байгууллагад төр ямар шаардлага тавьж байна вэ гэхээр энэ байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж өндөр үр ашигтай ажиллуул, төсөвт их мөнгө оруул, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийд гэсэн л шаардлага тавьдаг.

Төрийн өмчит компани, Төрийн өмчит үйлдвэрийн газар, Аж ахуйн тооцоот газар зэрэг бизнес хийдэг, ашиг олдог байгууллагыг олсон ашигаас нь хамааруулж хангамжийг, ажилтнуудын нийгмийн баталгааг тодорхойлдог болох хэрэгтэй. Тэр үйлдвэр яах гэж ажиллаж байгаа юм бэ? Ашиг олох гэж ажиллаж байгаа. Аж ахуйн нэгж учраас татвар төлөх ёстой. Үйл ажиллагаа нь сайн байсан учраас өндөр татвар төлж байна, төсөв талаасаа. Харин татвар талаасаа бол Татварын дараах ашгаа үйлдвэрлэлээ сайжруулах, ажилтнуудынхаа нийгмийн баталгааг сайжруулахад зарцуулж болно. Энэ бол бизнесийн зарчим.  Компанийн тухай хуульд ч ингэж л заасан. Ашигтай ажилладаг бол ашгаасаа л татвар төлөх ёстой. Энүүхнийг олон нийтэд ойлгуулж чадахгүй төрийн албан хаагчдыг, төрийн менежерүүдийг хэлмэгдүүлж байгаа бол хууль, эрх зүйн орчноо цэгцэл!

Нийтлэлч: Б.Тулга

“Эрдэнэт үйлдвэр”-т аудитын шалгалт хийж байна
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.