| | USD/MNT 0₮
Улсын төсөв батлагдсны араас нийслэлийн төсвийг батлахаар өчигдөр Хотын дарга дүүрэг, хороодын иргэдээсээ саналыг нь сонсч, авлаа.
Жил болгон санал авдгийн учир ямар дүүргийн аль хороонд ямар ажлыг нийслэлийн төсвөөр хийх вэ гэдгээ шийдвэрлэдэг аж.
Өчигдрийн төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон иргэд бол дүүрэг, хороондоо тулгамдаж байгаа асуудлаа зовлон болгож ярьж байна билээ. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, автобусны хүрэлцээ муу байдаг. Зам талбай, ногоон байгууламж хэрэгтэй байгаа талаар ч дурьдсан юм. Гэхдээ зарим иргэдийн хэлж буйгаар “Жилийн жилд худлаа санал авдаг. Бид саналаа тусгаж, хэлж, бичгээр хүргүүлдэг ч эргээд ямар нэгэн хариу байдаггүй. Хийсэн ажил ч байхгүй дээ. Зарим хороо гэж нохойн хороо шиг л ноорхой юм байдаг. Хүн ам нь ихсэж, дэд бүтэц байхгүй, барилга байгууламжийн ачаалал их байгаа энэ үед нийслэлээс ямар ч зохион байгуулалт хийдэггүй” гэлээ.
Хотын дарга С.Амарсайхан ирэх оны төсөв ямар байх талаар “Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн 2020 оны төсвийн төслийг боловсруулан Сангийн яаманд наймдугаар сард хүргүүлж, нийслэлийн төсвийн нийт орлогыг 1.001.2 тэрбум төгрөг, суурь орлогыг 894.1 тэрбум төгрөг байхаар, суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөгөөр тус тус тооцон, нийслэлийн төсвөөс улсад төвлөрүүлэх орлогыг 319.4 тэрбум төгрөг байхаар хянаж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар батлаад байна.
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, гадаадын хөрөнгө хөрөнгө оруулалтыг нэмж татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, хүний хөгжлийг дэмжих, ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд чиглэгдсэн. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах дагуул хот, тосгон, шинэ суурьшлын бүс, дэд төвийг үргэлжлүүлэн хөгжүүлж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, агаар, орчны бохирдлыг бууруулах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулан нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлнэ.
Түүнчлэн авто замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх ачаа тээврийн нэгдсэн ложистик төвүүд болон нийтийн тээврийн тусгай замын төслүүдийг эхлүүлнэ.
Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлогын хүрээнд боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, ая тухтай сурч, боловсрох орчныг бүрдүүлэх, төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ” хэмээв.
Ер нь ирэх оны төсвийг ахуй чиглэл рүүгээ зориулна гэдгийг онцолж хэлсэн юм. Ингэхээр айл өрх болон хороо гудамж, ногоон байгууламж, зам талбай, цэцэрлэгт болон спорт цогцолбор, хог хаягдалд нэг их наяд төгрөгийг зарцуулах юм байна гэж харна.
Хотын даргын хэлснээр энэ жилийн төсөв өмнөх жилүүдээс харьцангуй бага байгаа ч нөхцөл бололцоогоо ашиглаж юм бүхэнд хүртээнэ гэсэн. Гэхдээ томоохон бүтээн байгуулалтад бол дээрх төсөв хүрэлцэхгүй гадны тусламж, дэмжлэгийг авах гэнэ.
Нийслэлд гэх тодотголтой бүтээн байгуулалтын ажлууд ер нь хэр хийгдсэн бэ. Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд дүүрэг болгоныг цэцэрлэгт хүрээлэнтэй болгоно гэж мөнгө төсөвлөсөн байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ ажил нь хийгдэж эхлээгүй. Зарим дүүрэгт зураг төсөл нь ч гараагүй явна.
Засаг даргын ярьж буйгаар бүтээн байгуулалт сайн хийгдэж байгаа гэх. Гэвч зарим хороодод сургуулийн өргөтгөл барилга нь одоо хүйтний улиралд эхэлж байгааг иргэд шүүмжилж байв.
Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн 2020 оны төсвийн төслийг боловсруулан Сангийн яаманд наймдугаар сард хүргүүлж, нийслэлийн төсвийн нийт орлогыг 1.001.2 тэрбум төгрөг, суурь орлогыг 894.1 тэрбум төгрөг байхаар, суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөгөөр тус тус тооцон, нийслэлийн төсвөөс улсад төвлөрүүлэх орлогыг 319.4 тэрбум төгрөг байхаар хянаж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар батлаад байна.