| | USD/MNT 0₮
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав. Үүнд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт болон хуульч С.Батхүлэг нарыг нэр дэвшүүлж байгаа аж. Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ "Голомтын Д.Баясгалан гэдэг хүн шуналаа тат гэж хэлмээр байна. Тэрбээр өөрийнхөө албан хаагчдаас УИХ-д нэр дэвшүүлж, “Таван толгой төмөр зам”-ын тендерийг тендергүйгээр авч байна. Одоо өөрийнхөө хуулийн зөвлөхийг Улсын Дээд шүүхэд зүтгүүлж байна. Энэ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг тодоос тод зөрчиж, Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчиж байгааг боль гэж хэлмээр байна. Банкны өмнөх захирлууд нь яг л түүн шиг бяр амталж байгаад их чанга унасан шүү. Голомт банкны захирал Монголын дараагийн эзэн болох гэж байгаа бол бид зүгээр харж байгаад эзэн болгочихгүй шүү. Би та бүхэнд нэгэн баримт үзүүлье. Нэр дэвшигч С.Батхүлэг гэдэг хүний анкетыг танилцуулъя. Тэрээр 2000-2005 онд Мандува компанийн төслийн менежер, 2006.01 сараас 3-р сар хүртэл Боловсролын академид Багш судлаач, 2006-2011 онд Голомт банкинд хуульч, Хуулийн хэлтсийн захирал, 2013-2015 онд Голомт банкны удирдлагын ажлын албаны зөвлөх, 2016 оноос өнөөдрийг хүртэл Санхүүгийн зөвлөх, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Ингэхээр шүүгчийн болзолд хүрэхгүй болчихож байгаа юм. Улсын Дээд шүүх бол аль нэг банкны захирлуудын өөрсдийн хүнээ уралдаж томилдог газар биш шүү.
Би Ц.Цогт дээр ямар ч зүйл ярихгүй. Ц.Цогтыг дэмжиж байна. Ц.Цогт бол шүүхийн нүүр царай болж, ид өсөж яваа шүүгч. Энэ хүнд 200 хувийн санал өгч байна. С.Батхүлэгийг хувь хүнийх нь тухайд яриагүй. Түүний анкет, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль хоёрыг л ярьж байна. Энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах саналтай байна” гэв.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.