Ж.Сандагсүрэн Д.Сумъяабазарын бөөрөнд наалдаж явсаар Хотын орлогч боллоо
Өнөөдөр хотын даргын орлогч нарын нэрс тодорлоо гэх мэдээлэл цахим орчин болоод хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд давалгаалав. Тэднээс хамгийн их шуугиан тарьж буй хүн бол Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Сандагсүрэн юм.
Ажлынхаа гарааг л тус дүүргийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, Ажлын албаны даргаас эхэлсэн тэрбээр тун удалгүй Улаанбаатар хотын газар нутгийн 25 хувь, Монгол Улсын хүн амын арван хувь нь амьдран суудаг томоохон дүүргийн хувь заяаг атгасан түүхтэй. Учир нь 2013-2016 онд УИХ-ын гишүүн байсан Д.Сумъяабазарын зөвлөхөөр ажиллаж байж.
Ингээд Ж.Сандагсүрэн монгол түмэнд нэртэй зүстэй хүнд үнэнч зүтгэсний шанд дүүргийн засаг ноёны зөөлөн сэнтийд өрсөлдөгчгүйгээр залрах эрхийг олж авсан гэнэ лээ. Намын нөхөд нь түүнийг Д.Сумъяабазарын баруун суганд хавчуулагдсан “баагий” гэлцэх юм билээ. Үүнийгээ ч тэрбээр хэд хэдэн удаа нотлоод авсан. Хамгийн сүүлд гэхэд Нийслэлийн Засаг даргаар томилогдсон Д.Сумъяабазарын баруун бөөрөнд наалдаж, хотын орлогч хэмээх албан тушаалд тухлаад авлаа.
Гэтэл 2016 оноос хойш бүтэн дөрвөн жилийн хугацаанд СХД-ийг өөд нь татаж чадаагүй байж их хотын өнгө зүсийг сайжруулж чадах болов уу? Өнгөрсөн хугацаанд СХД хамгийн их гэмт хэрэг гардаг, өрсөлдөх чадварын индексээрээ нэлээд доогуурт бичигддэг. Тухайлбал, дүүргүүдийн өрсөлдөх чадварын ерөнхий индексээр 0.462 оноо авч, зургадугаарт бичигдэж байна. Үүний араас Багануур, Налайх, Багахангай гэсэн хүн ам багатай, хотын алслагдмал дүүргүүд жагсаж байгаа юм. СХД-ийн ард иргэдийн амьжиргааны түвшинтэй яриад ч хэрэггүй биз.
Гэр хорооллоор нь талхыг таллаж авдаг гэх мэдээлэл ч хэвлэлээр цацагдаж байсан удаа бий. Үүгээр ч зогсохгүй Сонгинохайрхан дүүрэгт хүн амь, хүчин, дээрмийн хэрэг их гардаг. Учир нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг нь бусад зургаан дүүргээ бодоход хамгийн их буюу 315 мянган хүн амтай аж. Иймээс тус дүүрэгт эмх замбааргүй байдал дээр нь ажилгүй, ядуу өрхийн тоо их учраас янз бүрийн гэмт хэрэг гарах нь үйлдэх нь элбэг байдаг гэнэ. Тухайлбал, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн шүүхээс шийдвэрлэгдсэн хэргийн тоог харахад хамгийн их ачаалалтай дүүрэг нь Сонгинохайрхан байна. Энэ дүүрэгт хүнийг санаатай алах, бага насны хүүхдийг хүчирхийлэл зэрэг хэрэг их гардаг талаар албаныхан онцолж байна.
СХД-ийн Эрүүгийн хэргийн ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай дүүрэгт бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэргийг үйлдээд байгаа этгээдийн хувьд дийлэнх нь хойд эцэг байдаг. Согтуу байхдаа, эхнэр нь гэртээ байхгүй үед чихэр боов, мөнгө төгрөгөөр хуурч байгаад бузар хэргээ үйлдэж байна.
Мөн ураг төрлийн хүчингийн хэргүүд гарч байна. Аав ээж нь найздаа юмуу, ах дүү нартаа итгээд бага насны хүүхдээ өгөөд явуулдаг, эсвэл үлдээдэг. Тэр хооронд ийм төрлийн хэрэг үйлдэгдсэн байх жишээний. Хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн хувьд ядуу амьдралтай, ажилгүй. Зарим нь бичиг үсэг мэдэхгүй хүмүүс ч байна. Ажилгүйдэл, архидалт зэргээс янз бүрийн муу муухай хэрэг үйлдэгддэг. Түүнээс гадна манай дүүрэгт хүнийг алах гэмт хэрэг өндөр тоон үзүүлэлтэй харагдаж байна. Хүнийг ална гэдэг угаасаа санаатай үйлдэл. Бас нийгмийн байдал их нөлөөлж байна” хэмээн онцолж байсан удаатай.
Ер нь л СХД ядуурал, архидалт, гэмт хэрэг, гэр хороолол, хогийн цэг гээд хамгийн их асуудал дагуулдаг газар. Хамгийн ажилгүй, ядуурал ихтэй, орон нутгаас шилжиж ирсэн иргэд дийлэнх нь хувийг нь эзэлдэг, халамжийн мөнгөөр олон хүн голоо зогоож амьдардаг дүүрэг гэдгийг захын хүмүүс хэлээд өгнө дөө. Гэтэл ийм дүүргийг хөгжүүлж чадаагүй эрхэм Улаанбаатар хотыг хөгжүүлж чадах уу.
Тус дүүрэгтэй холбоотой баримт үүгээр дуусахгүй. СХД-ийн ИТХ төсвийн 205 сая төгрөгөөр өөрсдөдөө урамшуулал олгосон болохыг эх сурвалжууд дурдав. Тодруулбал, 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхцэцэгийн гарын үсэг бүхий А/11 тоот захирамжаар тус дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн 2020 оны I улирлын ажлыг дүгнэж, төлөөлөгчдийг тус бүр таван сая төгрөгөөр урамшуулахаар шийдвэрлэсэн байна. Ингэхдээ тус урамшуулалд шаардагдах 205 сая төгрөгийг ИТХ-ын бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардлаас гаргахыг даалгажээ.
Хамгийн ноцтой нь урамшуулал олгох үндэслэлээ төлөөлөгчдийн ажлыг 93-100 хувь гэж дүгнэсэн байна. Хогондоо дарагдсан, ядуурал ихтэй, гэмт хэргийн гаралт өндөр, нийслэлийн хамгийн ядуу гэгдэх болсон Сонгинохайрхан дүүргийн төлөөлөгчид өөрсдийн ажлыг ийм өндрөөр үнэлсэн нь доромжлол гэлтэй. Үүнээс Засаг дарга Ж.Сандагсүрэн мөн таван сая төгрөгийг хувьдаа хүртэж байжээ.
Ажлынхаа гарааг л тус дүүргийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, Ажлын албаны даргаас эхэлсэн тэрбээр тун удалгүй Улаанбаатар хотын газар нутгийн 25 хувь, Монгол Улсын хүн амын арван хувь нь амьдран суудаг томоохон дүүргийн хувь заяаг атгасан түүхтэй. Учир нь 2013-2016 онд УИХ-ын гишүүн байсан Д.Сумъяабазарын зөвлөхөөр ажиллаж байж.