| | USD/MNT 0₮

ИНЕГ ИНҮТ-ийг “угжихдаа” тайлангаа тодорхой болгоно уу!

Шилэн төсөв /цуврал-1/

Улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийг тогтолцоог бүрдүүлэх зорилго бүхий Шилэн дансны тухай хууль 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн.

Иргэд мэдэх эрхээ эдэлж хуулийн дагуу онлайнаар мэдээллээ нийтлэх ёстой төрийн байгууллагуудын төсвийн зарцуулалтад хяналт тавих эрхтэй. Үүнд Шилэн дансны тухай хууль том хувь нэмрийг оруулж байгаа боловч мэдээллийг ашиглах цаг хугацаа хомс байдгаас бэлэн бэлтгэсэн мэдээ мэдээллийг л уншиж, хэт үрэлгэн зардалд толгой сэгсрэхээр хэтрэхгүй байна. Үүнтэй холбогдуулан asu.mn сайтаас Шилэн дансны мэдээлээс товчлон “Шилэн төсөв” цувралыг уншигчдадаа хүргэхээр болов.

Эхний удаад ИНЕГ, түүний харьяа Иргэний Нисэхийн Үндэсний Төв /ИНҮТ-ийн шилэн дансыг ухаж алдаа дутагдлуудын зах зухаас нь олон нийтэд хүргэж баййна. Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-д захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ шилэн дансны хөтлөлтийг шалгуур үзүүлэлт болгосонтой уялдуулан хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалтыг бүрэн хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байдаг.

Тухайлбал, хамгийн сүүлийн байдлаар л гэхэд ИНЕГ-аас ИНҮТ-ийн дансанд 2020 оны 8 дугаар сарын 11-нд  1 тэрбум 260 сая төгрөгийн санхүүжилт, 2020 оны 8 дугаар сарын 5-нд 2 тэрбум 653 сая 900 мянган төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 4 тэрбум 200 сая төгрөгийн санхүүжилт тус тус орсон байх боловч зарцуулалт, задаргаа олон нийтэд тодорхойгүйгээр шилэн дансад мэдээлэгджээ.

Жишээ нь 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр “Сод монгол групп” ХХК-д ИНЕГ/УЗ/ТББ/Б-5-20 тоот гэрээний шатахууны төлбөр болох 72 сая 978 мянга 708 төгрөгийг шилжүүлсэн гэж мэдээлсэн ч уг гэрээ нь тодорхойгүй. Нэг тонн тутмыг ямар үнээр бодож тооцоолсон, энэ нь ямар шалгуур үзүүлэлтээр тус компаниас нийлүүлэгдэж байгаа, зах зээлийн үнэтэй харьцуулах зэргээр хяналт тавих ямар ч боломжгүйгээр төрийн агентлагаас “үйлдвэрлэлийн нэгж” рүү, улмаар олон жил монопольчилж шатахуун нийлүүлсэн, УИХ-ын гишүүн эзэнтэй компани руу төсөв урсаж байхад яагаад олон нийт хяналт тавих эрхгүй гэж?

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан тэргүүтэй УИХ-ын гишүүд 2020 оны 10 дугаар сарын 2-нд буюу өнгөрсөн долоо хоногт ИНЕГ-т ажиллажээ.

Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан 2019 оны 12 дугаар сарын 26-ны 387 тоот тушаалаараа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-ИНЕГ-ын бүтэц зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж Иргэний Нисэхийн Үндэсний Төв /ИНҮТ/ гэдэг 2431 ажилтны орон тоотой ИНЕГ-ын үйлдвэрлэлийн нэгж гэгчийг байгуулсан байдаг. Ингэхдээ ИНЕГ-ын Агаарын навигацийн үйлчилгээний дарга байсан П.Мөнхжаргалыг 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр томилсон байдаг. Одоо тэр хүн ИНЕТ-ийн дарга. Дээр дурдсан шилэн дансыг зөв шударга, тодорхой хөтлөх үүрэг түүнд бий.

Дэндүү данхар бүтэцтэй, санхүү нь “салаад явчихсан” ИНЕГ даргатай, дэд даргатай, түүний нэгж болж байгуулагдсан ИНҮТ, мөн дэд даргатай, дотроо Нисэх буудлуудын үйлчилгээний газар, Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн газар, Агаарын навигацийн үйлчилгээний газар гэсэн гурван газартай. 

Энэ бүтцээр ИНЕГ-ын аль санхүү мөнгө, хүний нөөцийн эрх мэдэлтэй газрыг тасдаж ИНҮТ-ийн удирдлага дор хийж өгсөн. Үүний дараа ИНҮТ-д хийсэн томилгоо тун сонин. ИНҮТ-ийн Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргаар Жаргалсайханы Зулцэцэгийг томилсон байдаг. Тэрбээр 2015-2016 онд “Мишээл групп” ХХК-д Ерөнхий захирлын улс төрийн зөвлөхөөр ажиллаж байжээ.

 

Тэгэхээр Сайд Б.Энх-Амгалан УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөж сонгогдсоны дараа  хувийн компанийн Ерөнхий захирлын улс төрийн зөвлөхийг ажлаа сайн хийснийх нь дүнд, улмаар “азаар” сайд болсноо ашиглан 2017 онд Буянт-Ухаа Спортын ордны Дэд захирал, 2018 онд Нисэх буудлуудыг удирдах газрын менежер, 2019 онд ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад энэ удаа экс захирлынхаа, одоогийн сайдынхаа “байгуулж өгсөн” Иргэний нисэхийн үндэсний төв”-д Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилсон дүр зураг харагдаж байна.

Дараагийнх нь ИНҮТ-ийн Агаарын навигацийн үйлчилгээний газрын даргаар Рэнцэндоржийн Эрдэнэдавааг томилсон байдаг юм. Түүнийг “Чоно” группийн Ерөнхий нягтлан бодогч гэдгээр нь хүмүүс мэдэх байх. Хожим нь “Макс хүнс” компанийн нягтлан, “Макс групп”-т Санхүү бодлого төлөвлөлтийн албаны даргаар ажиллаж байгаад ИНҮТ-ийн Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн газрын даргаар 2020 оны 2 дугаар сарын 17-нд томилогджээ. 

ИНҮТ-ийн Нисэх буудлуудын үйлчилгээний газрын зохион байгуулалтын бүтцэд тус байгууллагын дэд даргын удирдлагад Төсөл, хөтөлбөр боловсруулалтын тасаг гэж бий. Түүний даргаар мөн л Б.Энх-Амгалангийн “Мишээл групп”-т 2012 онд нарийн бичгээр, 2014 онд Гадаад харилцааны менежерээр нь ажиллаж байгаад 2019 онд Нисэх буудлуудыг удирдах газрын Төсөл, хөтөлбөр боловсруулалтын тасгийн даргаар ажиллаж байсан Гал-Эрдэнийн Сүх-Очирыг томилжээ. Мөн түүний Нисэх буудлуудыг удирдах газарт ирэхээсээ өмнө Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан “Гранд эвент”ХХК-ийн хувь эзэмшигчид ч сонирхолтой. 

Товчхондоо Иргэний нисэхийн ерөнхий газраас хамгийн орлоготой хэсгийг тасдан авч Иргэний нисэхийн үндэсний төв байгуулсан. ИНЕГ-аас цалинжих энэ байгууллагын томилгоо яг л “Мишээл групп”-ийн охин компани аятай харагдаж байв. Энэ бүхэн одоогийн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн ашиг сонирхлын зөрчлийг зориудаар гаргасан алдаа. Тэр ч байтугай Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээр шийдвэр гаргуулж гэр авч сонгогчдоддоо тараасан. Хариуд нь “Тэгээд тэрийгээ шалгаач дээ” гэж телевизээр “томорч” билээ. Улстөрчийнх нь хувьд түүнтэй хэн ч хариуцлага тооцсонгүй. Харин ч дахин сонгогдоод гялалзаж явна. Үүний цаана ашиг сонирхлын зөрчил нь хэвээрээ, татвар төлөгчдийн төсвөө бүрдүүлэхээр өгсөн орлого хуйвалдааны аргаар урсан хэдхэн хүний халаас руу орсоор байна.

Энэ талаар “Шилэн Дансны Тухай Хууль”-ийн хүрээнд Авлигатай Тэмцэх Газар, Прокурор, Шүүх, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Үндэсний Аудитын Газар зэрэг байгууллагууд хяналт тавьж ажиллахыг олон нийтийг төлөөлж Аsu.mn сайт шаардаж байна.

Б.Тулга 

Тухайлбал, хамгийн сүүлийн байдлаар л гэхэд ИНЕГ-аас ИНҮТ-ийн дансанд 2020 оны 8 дугаар сарын 11-нд 1 тэрбум 260 сая төгрөгийн санхүүжилт, 2020 оны 8 дугаар сарын 5-нд 2 тэрбум 653 сая 900 мянган төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 4 тэрбум 200 сая төгрөгийн санхүүжилт тус тус орсон байх боловч зарцуулалт, задаргаа олон нийтэд тодорхойгүйгээр шилэн дансад мэдээлэгджээ.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.