| | USD/MNT 0₮

С.Амарсайхан:Нийслэлийн ирэх оны төсвөөр нийтийн тээврийг шинэчилж, сургуулийн автобусны тоог нэмэгдүүлнэ

Иргэдийн оролцоотой нийслэлийн 2020 оны төсвийн төслийг хэлэлцүүлэгийг өнөөдөр Иргэний танхимд хийлээ.

Есөн дүүрэг болон хорооны Засаг дарга, алслагдсан хорооноос ч иргэд ирж, тулгамдаж байгаа асуудал болон Нийслэлийн төсвөөр шийдүүлэх асуудлаа хэлж ярилцлаа. Иргэдийн ярьж буйгаар “Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу. Мөн далан шуудуу болон хог цэвэрлэгээний асуудал. Автобусны хүрэлцээ бага” зэрэг өөрсдөд тулгамдаж байгаа зүйлээ ярилцаж, санал солилцож, шийдвэрлэсэн юм.

Харин ирэх оны төвсийн зураглал ямар байх, юунд зарцуулах талаар Хотын дарга С.Амарсайхан дараах асуултууд хариулав.

-Нийслэлийн ирэх оны төсөв яах аргагүй анхаарал татаж байна. Ирэх оны төсөв хэдээр батлагдсан бэ?

-Иргэдийн оролцоотой 2020 оны төсвөө батлах асуудлыг хэлэлцэж байна. Жил болгон иргэдийн саналыг авдаг. Энэ жил нийслэлд 1 их наяд гаруй төгрөгийн орлого төлөвлөсөн. Суурь орлогыг 893 тэрбум төгрөг бий. Гэхдээ эндээс урсгал зардал гээд 100 гаруй тэрбум төгрөгийг төсөвлөхөөр төлөвлөж байна.

Улаанбаатарт хийх ажлуудтай төсвөө харьцуулаад үзвэл харьцангуй бага байгаа. Улсын төсөвт 319 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ. Тэгэхээр хөрөнгө оруулалт хийх шаардлагатай олон ажил хасагдаж танагдаж байна.

-Хамгийн их төсөв нь хаашаа орох вэ?

-Бид өөрсдийн боломж нөөцөөрөө орлогоо нэмэгдүүлж, зарлагаа багасгана. Гарцаагүй шаардлагатай хөрөнгө оруулалтыг ирэх онд хийж, хэрэгжүүлнэ. Нийслэл хөрөнгө оруулалтаа ахуй тал руугаа оруулна. Өөрөөр хэлбэл, айл өрхийн хашаа хороо, ногоон байгууламж, гудамж талбайг тохижуулж, хог хаягдлыг ангилах ажилд зарцуулна. Мөн нийтийн тээврийг шинэчилнэ. Эмнэлэг болон онцгой, цагдаагийн үйлчилгээг түргэн шуурхай хангах үүднээс шаардлагатай гэсэн машин тоног төхөөрөмжийг авч өгөх, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж камержуулах, бусад замын хөдөлгөөний удирдлагын системийг байршуулна. Ер нь бол явган хүний зам, дугуйн зам зэрэгт зарцуулах гэх мэтээр ахуйн чиглэлд зориулна.

Нэг зүйлийг хэлэхэд томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих боломж байхгүй. Гадаадын зээл тусламжаар ганц хоёр хөтөлбөр хэрэгжиж байгаа.

-Иргэд ихэвчлэн ямар санал тавьж байна вэ?

-Нийслэлийн хүрээнд хийх ажлуудынхаа талаар иргэдээсээ саналаа авч байна. Ихэнх нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж болон нийтийн тээврийн үйлчилгээний хүрэлцээг сайжруулах, зам харгуй гэх мэт саналуудыг тавьж байна.

-Нийтийн тээвэрт шинэчлэл хийнэ гэлээ. Хэдэн төгрөг зарцуулах вэ?

-Нийслэлийн тээврийг шинэчлэхэд 500 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Эхний ээлжинд 20-30 хувийн хөрөнгийг тусгаж, түүгээрээ холбогдох байгууллага үйлдвэрүүдтэй төлбөрийн нөхцлөө тохирч, олон автобус оруулж ирэхээр ярилцаж байна. Түүнээс гадна саяхан үйлчилгээнд явж эхэлсэн сургуулийн автобусны тоог нэмэгдүүлнэ.

-Есөн дүүрэгтээ төсвөө хэрхэн хувиарлах вэ?

-Дүүргүүддээ орон нутгийн сангийн хөгжлийн хөрөнгөө хувиарлана. Зарим дүүрэг татаастай байдаг, зарим нь орлогоо бүрдүүлдэг. Энэ байдалд нь бид хяналт тавина.

-Өнгөрсөн оны төсвөөс энэ жилийнх бага төсөв гэлээ. Эдийн засгийн хямралтай холбоотой юу?

-Төсвийн тухай хуулиар орон нутаг болон Нийслэлд төвлөрүүлэх орлого гэж бий. Энэ жил орлогынхоо 30 хувийг төвлөрүүлж байна. Тэр нь 319 тэрбум төгрөг юм. Тэрийгээ төвлөрүүлчихээр тэр хэмжээгээр нийслэлд төсөв багасна гэсэн үг.

-Төсөв нь байгаа хэрнээ нийслэлд хийгдэж байгаа ажлууд удаашралтай байгаа талаар хорооны Засаг дарга нар ярьж байна. Яагаад ажил удааширч гацаад байдаг юм бэ?

-Нийслэлд удааширч байгаа ажил бий. Хэд хэдэн шалтгаантай. Тендер зарладаг. Гэвч хуулийн хугацаа гэж бий тэрэндээ багтаж ажлаа хийхгүйгээс болж хоорондоо маргах, шүүх цагдаадаа очих зэргээр төсөл хөтөлбөрүүд удааширдаг. Мөн авсан аж ахуй нэгжүүд нь урьдчилгаа мөнгөө авчихаад цагтаа ажлаа хийдэггүй. Дээрээс нь чанарын шаардлага хангадаггүй, хугацаа алддаг гэх мэт асуудал. Нийслэлийн төсвөөр хийгдэж байгаа ажил дээр чанартай байгууллагыг оруулахгүй бол болохгүй юм.

-Хот гадаад дахь зардлаа хэр танаж байгаа вэ. Гадаад зардлын томилолт хэрээс хэтэрсэн гэж шүүмжилж байна?

-Айхтар өндөр тоотой зардал байхгүй. Гадагшаа дотогшоо явах дадлага туршлага судлах, айчлах зэрэгт тодорхой хэмжээний зардал бий. Тэр нь хэмжээндээ л бий. Үргүй зардал гаргах, гадагшаа хий дэмий зугаалах гэсэн зүйл байхгүй. Шаардлагатай албан ажлаар явах төсөв бол байгаа. Аль болох зардлыг хэмнэхийн төлөө ажиллана. Шаардлагагүй зүйлд мөнгө зарахгүй.

-Нийслэлийн 380 жилийн ойд зарцуулсан 2 тэрбум төгрөгийн задаргаа байна уу. Ойн хүрээнд дүүргүүдэд цэцэрлэгт хүрээлэн барина гээд өнөөдрийн байдлаар баригдсан хүрээлэн байхгүй байна?

-Дүүрэг болгонд цэцэрлэгт хүрээлэнгийн ажил эхлээд явж байгаа. Эхнээсээ ашиглалтад орсон. Чингэлтэй дүүрэгт олон улсын стандартын хөл бөмбөг ногоон байгууламж бүхий талбай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд хуучин хогийн цэг байсан талбайг цэгцэлж усан спорт барих ажил дуусч байна. Хан-Уул дүүрэг спорт талбайтай болсон. Олон дүүрэгт ногоон байгууламж, спорт талбайнууд хийгдэж байна. Цаашид үргэлжлүүлээд бид олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Ирэх жил олон ажил хийгдэнэ.

ШУУД ҮЗЭХ: 

 

Иргэдийн оролцоотой 2020 оны төсвөө батлах асуудлыг хэлэлцэж байна. Жил болгон иргэдийн саналыг авдаг. Энэ жил нийслэлд 1 их наяд гаруй төгрөгийн орлого төлөвлөсөн. Суурь орлогыг 893 тэрбум төгрөг бий
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.