| | USD/MNT 0₮
Өчигдөр Чингэлтэй дүүргийн 1-р хорооны зарим өрхөд Сонгуулийн ерөнхий хорооноос өрх бүрт тараагддаг Сонгогч Танаа нугалбар сурталчилгааны материалтай хамт намын сурталчилгааны материал тараагдаж байна гэсэн мэдээлэл цацагдсаны дагуу Нийслэлийн болон Чингэлтэй дүүргийн сонгуулийн хорооны дарга нар 23-р сургууль дээр байрлах хэсгийн хороон дээр ажиллаж байна.
Чингэлтэй дүүргийн сонгуулийн хорооны дарга н.Цэрэн "Өчигдөр орой АН-аас нэр дэвшигч Ү.Халиун СЕХ-ноос дүүргээр дамжин, сонгогчдод хүрдэг Сонгогч танаа хуудсыг зарим нэр дэвшигчийн сурталчилгааны материалтай үдэж хамтатган тарааж байна гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан. Бид үүнийг нягталж, шалгасан. Ингэхэд дээрх нэр дэвшигчийн мэдээлж буй мэдээлэл нотлогдоогүй. Тухайн нэр дэвшигчийн хууль хяналтын байгууллагад хандаж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаагаа нотлох болно" гэлээ.
Мөн тухайн хэсгийн хороог удирдан ажиллаж байгаа холбогдох ажилтнууд хуулийн хүрээнд ажиллаж байгаагаа ажлынхаа явцын мэдээллийн хамт үзүүлсэн бөгөөд тараах материалыг гараас гарт зарчмын хүрээнд тараасан бөгөөд эзэнгүй айлын гадна үлдээгээгүй гэдгийг хэлж байна.
Тухайн мэдээлэл өгсөн нэр дэвшигчийн мэдээллээр хоёр нугалсан цаасанд нэр дэвшигчийн материал хавсаргасан байгааг үзүүлсэн бөгөөд энэ дагуу хэсгийн хороо цагдаагийн байгууллагад хандаж, өөрсдийгөө шалгуулахаар өргөдөл гаргаад байгаа юм байна.
Харин энэ талаар тухайн мэдээллийг гаргасан нэр дэвшигч Ү.Халиуны аав Үнэн дараах тайлбарыг өгч байна.
Тэрбээр "Чингэлтэй дүүргийн сонгуулийн хорооны дарга, Нийслэлийн сонгуулийн хорооны хуульч нар мэдээлэл хийлээ л дээ. Ингээд өчигдрийн болсон явдлыг АН-аас нэр дэвшигч Ү.Халиуныг зохион байгуулсан мэтээр ярилаа. Эдгээр байгууллага иргэдэд тэгш хандаж, зөв тайлбарлах ёстой байтал АН-ын нэр дэвшигчийг гүтгэх ажиллагаа явууллаа. Би энэ бүхнийг эхнээс нь мэдэж байгаа хүний хувьд тайлбар хэлье. Даваа гарагаас СЕХ-ны гарын авлага материал айлуудаар тагаагдаж эхэлсэн. Ингэхдээ ихэнх нь хаалганы завсар хавчуулах, наах маягаар тараагдсан. Ер нь айлын хаалга тогшиж өгөөгүй. Өчигдөр өглөө манай нэр дэвшигч сурталчилгааны материалаа тараах гээд Чингэлтэй дүүргийн 1-р хорооны 12-р байранд ирэхэд айлын хаалганы гадна талд МАН-ын НИТХ, дүүрэгт нэр дэвшигчийн материалтай үдэгдсэн байдалтайгаар байж байсан. Бид хэд хэдэн орцоор орж ийм материал хэд хэдийг цуглуулсан. Ингээд дүүргийн сонгуулийн хороонд ирж уулзсан. Эдгээр байранд ямар хүн СЕХ-ны материалыг тараасныг асууж, тайлбар нэхсэн. Энэ асуудлыг ЦЕГ шалгаж тогтоох ёстой. Манай нэр дэвшигч, миний охин ийм ажил хийх үндэслэл байхгүй. Би охиныхоо сурталчилгааг хийж байгаа менежерийн хувьд хариуцлагатайгаар ийм зүйл хийгээгүй гэдгээ мэдэгдэж байна" гэсэн юм.
Өчигдөр Чингэлтэй дүүргийн 1-р хорооны зарим өрхөд Сонгуулийн ерөнхий хорооноос өрх бүрт тараагддаг Сонгогч Танаа нугалбар сурталчилгааны материалтай хамт намын сурталчилгааны материал тараагдаж байна гэсэн мэдээлэл цацагдсаны дагуу Нийслэлийн болон Чингэлтэй дүүргийн сонгуулийн хорооны дарга нар 23-р сургууль дээр байрлах хэсгийн хороон дээр ажиллаж байна.