| | USD/MNT 0₮

Д.Сарангэрэл:Жилд 100 гаруй хүн эх орондоо эмчлүүлэх боломжгүй өвчин тусаж гадаад орныг зорьж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. 

Тодруулбал, Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл, ХНХ-ын сайд асан С.Чинзориг нарыг чөлөөлж, оронд нь Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа нарыг томилох Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Анужин танилцуулав.

Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг талуудын санал болгосноор УИХ таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилохоор хуульд заасан байна. Харин тус зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Эрүүл мэндийн, Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдуудыг ажиллуулахаар тусгасан байдаг аж.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь бодлогын түвшинд шийдвэр гаргадаг хараат бус байгууллага. Энэ байгууллагын дарга нь Эрүүл мэндийн сайд нь байх нь оновчтой. Ингэснээр, Эрүүл мэндийн салбарын асуудлыг ЭМДС-тай уялдуулж ажиллах чухал ач холбогдолтой.

Энэ хүрээнд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс бие даан ЭМДС ажиллуулсан. Ингэснээр, урьдчилан сэргийлэх үзлэг, хөнгөлөлттэй эм, Элэг бүтэн монгол хөтөлбөр зэрэг үр дүнтэй ажил хийсэн. Хуульд өөрчлөлт орсноор цаашид хөнгөлөлтэтй эм олгох асуудалд дэвшил гарна. Учир нь ахмадууд сард нэг удаа очерлож хөнгөлөлттэй эм авдаг байсан бол Эрүүл мэндийн даатгалын сангийн хуулийн өөрчлөлтөөр сангаас олгох бололцоог бүрдүүлсэн. 

Мөн жилд 100 гаруй хүн эх орондоо эмчлүүлэх боломжгүй өвчин тусаж гадаад орныг зорих шаардлага тулгарч байна. ЭМДС-гийн Эрсдэлийн санд төрөөс олгож буй 30 тэрбум төгрөгөөс тэдгээр иргэд тус бүрт 100 сая төгрөгийг олгодог байх боломж бүрдүүлэх шаардлагатай. Одоогоор тус сангаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд 5 сая төгрөг олгодог ч энэ нь хаанаа ч хүрэлцдэггүй. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар томилогдох Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг санаачилгатай ажиллахыг хүсэж байна" гэлээ. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Аль болох дотооддоо эмчилдэг болох тэр боломжоор нь хангах, гаднын эмч нарыг авчирч ард иргэдээ эмчлэх ажлыг зохион байгуулах чиглэлд анхаарч ажиллана. Аль болох гадагшаа урсгалыг зогсооно. Турк улстай гэрээ хийх асуудлыг судалж байна" гэв. 

Ингээд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжсэнээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв. 

Жилд 100 гаруй хүн эх орондоо эмчлүүлэх боломжгүй өвчин тусаж гадаад орныг зорих шаардлага тулгарч байна. ЭМДС-гийн Эрсдэлийн санд төрөөс олгож буй 30 тэрбум төгрөгөөс тэдгээр иргэд тус бүрт 100 сая төгрөгийг олгодог байх боломж бүрдүүлэх шаардлагатай.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.