| | USD/MNT 0₮
Төрийн албаны шалгалтын эхний шат буюу ерөнхий шалгалт өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон.
Харин Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр орон даяар эхэлнэ. Улсын хэмжээнд нийт 9000 гаруй хүн энэ шалгалтыг өгөх бөгөөд нийслэлд гэхэд 3000 гаруй иргэн өгсөн байна. Харин орон нутагт янз бүр. Тэгвэл Завхан аймагт гэхэд өнгөрсөн амралтын өдрүүдэд 348 хүн төрийн албаны шалгалт өгснөөс 30 нь тэнцэж, 318 нь бүдэрчээ.
Шалгалт өгсөн иргэдийн хувьд бухимдалтай байна. Хаа байсан хол сумаас цаг заваа зарцуулан ирж байхад алдаатай тестээр шалгалт авсан. Мөн төрийн албан хаагч болоход түүх, нийгмийн ухааны мэдлэг ямар хамаатай юм бэ гэсэн байдлаар шалгуулагчид шүүмжлэлтэй бухимдалтай байгаагаа илэрхийлэв. Учир нь шалгалт өгсөн иргэдийн олонхи нь түүх, нийгмийн ухааны асуултандаа буруу хариулж, унажээ. Бүтэн жил бэлтгэчихээд эхний шалгалтандаа унана гэдэгт харамсалтай байна. Төрийн албан хаагч болоход түүх, нийгмийн ухаан ямар хамаатай юм бэ. Тэрний оронд архив судалгаа чиглэлээр асуултаа боловсруулсан бол илүү байх ёстой гэсэн тайлбарыг иргэд өгч байлаа.
Эхний шатны шалгалтандаа бүдэрсэн иргэн С “Энэ балиар төрийн албаны шалгалтыг үзэн ядаж байна. Зохион байгуулалт, программ энэ тэр гээд ярих юмгүй мундаг. Сайн байсан. Гэтэл дутуу алдаатай боловсруулагдсан тест ихтэй байсан. 35 оноогоор босго оноо тогтоосон. 34 оноогоор хамраараа таслуулсан хүний хувьд гомдолтой байна. 33 энэ тэр байсан бол хамаа алга. Бүр яг алдаатай, харгалзах хариултгүй дутуу боловсруулагдсан тестийг нь зохион байгуулагчид нь хэлсэн чинь аль нэгийг нь л дугуйлаад орхичих гэсэн. Өргөдөл бичээд өгчих асуудлыг чинь шийдье шийдвэрлэе гэснээ таг болсон. Хоёр дахь шалгалт нь өнөөдөр байдаг, асуудал шийдвэрлэж өгсөн зүйл алга. Гомдолтой байна” гэв.
Нийт 8894 хүн бүртгүүлснээс 7616 иргэн шалгалтад орж, үүнээс 1588 иргэн эхний шатны шалгалтад тэнцсэн
Харин албаны эх сурвалж буюу Төрийн албаны зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Э.Одгэрэл хэлэхдээ “Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны ерөнхий шалгалтын эхний шалгалт болох ерөнхий шалгалтыг өнгөрөгч амралтын өдрүүдээр зохион байгууллаа.
Улсын хэмжээнд 8894 иргэн төрийн албаны шалгалтад оролцохоор бүртгүүлсэн. Үүнээс нийслэлд өгөхөөр бүртгүүлсэн 3000 гаруй иргэн Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэр, инновацийн газар болон Төр захиргааны V байр, Төрийн албаны зөвлөлийн сургалтын танхим гэсэн хоёр хэсэг газар хувааж шалгалт авсан.
Төрийн албаны ерөнхий шалгалт нь ерөнхий мэдлэг, монгол хэл, бичиг, дүн шинжилгээ хийх гэсэн агуулгын хүрээнд явагдаж байна.
Энэ удаагийн Төрийн албаны ерөнхий шалгалтад нийт 8894 хүн бүртгүүлсний 7616 иргэн шалгалтад орсон байна. Үүнээс 1588 иргэн эхний шатны шалгалтад тэнцсэн. Шалгалтын эхний шатанд 35 ба түүнээс дээш оноо авбал тэнцэж, дараагийн шат болох монгол хэл, монгол бичгийн шалгалтад орох эрх нь бүрдсэн” гэв.
Энэ удаагийн Төрийн албаны ерөнхий шалгалтад нийт 8894 хүн бүртгүүлсний 7616 иргэн шалгалтад орсон байна. Үүнээс 1588 иргэн эхний шатны шалгалтад тэнцсэн.