| | USD/MNT 0₮
Хэлмэгдэгсдийн музейг дахин засварлах нэрээр нурааж эхэлсэн талаарх мэдээлэл үнэнийн ортой болж таарав.
Музейн барилгыг хэний, ямар зөвшөөрлөөр, ямар компани нурааж байгаа нь тодорхойгүй байсан бөгөөд өнөөдөр гэхэд бүрэн нураажээ. Уг нь бол сэргээн засварлана гэж ярьж байсан ч ийнхүү нураасан нь ямар учиртай юм бол.
Энэхүү барилгыг буулгаж 22 давхар барилга барих зөвшөөрөл авах хүсэлтийг С.Батболдын үед зөвшөөрөөгүй байдаг. Гэтэл хоёр сарын өмнө зөвшөөрөл өгчээ. Ямар зөвшөөрөл өгсөн эсэхийг нь үзэх гэтэл мэдээллийг нь сайт дээрээсээ авчээ.
Дашрамд дуулгахад, Хэлмэгдэгсдийн музей байрлах хоёр давхар уг модон байшинг 1930 онд барьсан бөгөөд 1931 онд Монгол Улсын 11 дэх Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн ажиллаж, амьдарч байжээ.
Улмаар 1996 оны есдүгээр сарын 10-нд түүний охин Цэрэндуламын санаачилгаар музей болгож, үзмэрийг долоон танхимд дэлгэн үзүүлж эхэлсэн байдаг. Тус музейд улс төрийн их хэлмэгдүүлэлтэд өртсөн 30 мянга гаруй хүнтэй холбоотой мэдээ, мэдээлэл, түүх, архив, эд материалыг хадгалж, хамгаалсаар ирсэн юм.
Ийнхүү 90 жилийн түүхийг агуулсан Хэлмэгдэгслийн музейг 2007 онд эзэмшлийг нь хувь хүнд шилжүүлэх Засгийн газрын 185-р тогтоол гарч байжээ. Мөн зарим соёл, түүх судлаачдын үзэж буйгаар 2008 онд Засгийн газрын тогтоолоор Нийслэлийн хамгаалалтад авсан байгаа аж.
Гэвч ийнхүү түүхэн дурсгалт музейн барилгаа нураан сүйтгэж байгаад олон нийт халаглаж, бухимдаж буйгаа илэрхийлэв.
О.Гал
Хэлмэгдэгсдийн музей байрлах хоёр давхар уг модон байшинг 1930 онд барьсан бөгөөд 1931 онд Монгол Улсын 11 дэх Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн ажиллаж, амьдарч байжээ.