| | USD/MNT 0₮

Төрсөн үрийнхээ өмнө хариуцлага хүлээх “жинхэнэ” аавууд хаана байна

Хүн бүр математикч болдоггүй
Харин хүн бүр эцэг эх болдог гэх үг бий. Өнөөдөр хүүхэдтэй холбоотой сэтгэл эмзэглүүлэм маш олон гэмт хэрэг шил шилээ даран гарсаар байна. Тухайлбал, бага насны охин хүчирхийлэлд өртжээ, бага насын хүүхдийг хойд аав нь зодож амийг нь хохироожээ, хойд аавдаа хүчиндүүлжээ, авга ахдаа, танил ах нь, өвөө нь хүчирхийлжээ гэх мэт сэтгэл сэрдхийлгэм олон хэрэг гарсаар байна.

Энэ нийгэмд хүчирхийллийн “бай” золиос  нь хүүхэд эмэгтэйчүүд болчихсон байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд 600 гаруй бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол, үүнээс ч олон эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, хартай харгис нөхрийнхөө гарын шүүс болсон статистик байна.

Хамгийн харамсалтай эмгэнэлтэй нь бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд насан туршийн эмгэгтэй, хар толботой болж үлддэг гэдгийг сэтгэл судлаачид хэлдэг.

Энэ бүхэнд нийгэм, нийтээрээ тухайн хүүхдийг болон төрсөн ээжийг нь буруутгаж шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл, хохирсон дээр нь нэмж хохироодог муухай үзэгдэл нийгэмд газар авсан байна. 

Саяхан 9 настай охин хойд эцгийнхээ гарт амиа алдсан хэргийн талаар тухайн охин хэн бэ байсан, ээж нь ямар ажил хөдөлмөр эрхэлдэг байсан, гэр нь хаана байдаг, ар гэрийнхэн нь ямар хүмүүс байсан талаар шүүрч авч, шуурч мэдээлснээс охидын төрсөн эцэг болон, амийг нь хохироосон хойд эцэг гэж ямар хүн байгаа талаар мэдээлсэнгүй. Тэднийг эрэн хайж сурвалжилсангүй. Хохирсон хохирогчдын ар гэрт нь амьдрах орон зай үлдээсэнгүй. 

Ер нь хүүхэд хамгааллын асуудал, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй бүхий л асуудалд нийгмээрээ ээжүүд, эмэгтэйчүүдийг буруутгаж, доромжилж, гутаадаг байдал улам л газар авсан. Хүүхдийн асуудал бол хүн бүрийн асуудал, төр засаг, түмэн олон та бидний асуудал, аав, ээж бүрийн хамдаа хүлээх үүрэг, хариуцлагын асуудал юм. Яагаад зөвхөн ээжүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд байх ёстой гэж.

Нөгөөтэйгүүр төрсөн аавууд хаана байна. Тэд хаачив. Аавуудын хариуцлага, ухамсар, үүрэг, оролцоо яагаад сул байна. Тэд ч бас үр хүүхдийнхээ өмнө үүрэг хүлээсэн аавууд. Хууль тогтоогчийн хувиар ч жирийн аавын хувиар ч тэд бас дуу хоолойгоо нэгтгэж шийдэл хийхэд яагаад хувь нэмрээ оруулдаггүй юм. Эрхэм хүндэт аавуудын дуу хоолой, үүрэг, оролцоо хаана байна. Таны эд эсийн хэлтэрхий болсон үрс тань өнөөдөр хэн нэгэн хүнд доромжлуулж, бие сэтгэлээрээ хохирч байхад та хаана юу хийж явна бэ, эрхэм хүндэт эцэг нараа. Өөрсдөө хариуцлагаас мултарч, өөрийн жаргалаа хайж яваа хойгуур чинь өөдсийн чинээхэн үрийг тань хэн дуртай нь доромжлоод байхад та дуугай, зүгээр суусаар байх уу. 

Тиймээс эхнэрээсээ салахдаа хүүхдээ ээжид нь орхиж, найдаж үлдээсэн бүх аавууд даруй хүүхдээ заавал эргэж очоорой. Таарахгүй амьдрал, тааламжгүй харилцаанаас болж эхнэр нөхрүүд хоёр тийш болсон болохоос, үр хүүхдийнхээ өмнө эцэг байх үүрэг эрх, хариуцлага чинь насан туршийнх юм шүү.

Балар эрт цагийн, бүүр түүрхэн дурсамж мэт явж болохгүй.  Гэрийн орон зай үгүй болсон ч, хүүхдийнхээ сэтгэлийн орон зайд нь том байр суурьтай байгаарай. Хүүхэдтэй болсон цагаас аав нь аав шиг, ээж нь ээж шиг хариуцлагатай байж, энэ нийгэмд хүүхэд тань айх аюулгүй, сэтгэлийн зовлонгүй, хагас жаргалгүй өсч торних эрхтэй юм шүү гэдгийг хаана хаанаа анхаарах цаг болжээ.

Эхнэрээсээ салахдаа хүүхдээ ээжид нь орхиж, найдаж үлдээсэн бүх аавууд даруй хүүхдээ заавал эргэж очоорой. Таарахгүй амьдрал, тааламжгүй харилцаанаас болж эхнэр нөхрүүд хоёр тийш болсон болохоос, үр хүүхдийнхээ өмнө эцэг байх үүрэг эрх, хариуцлага чинь насан туршийнх юм шүү.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.