Г.Занданшатар: Байгалийн баялаг ард түмний мэдэлд байж, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногддог байх зарчим тусгагдсан
УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгч Х.Баттулгад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслийг биечлэн хүргэлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ "УИХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 1 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Төрийн тэргүүн танаа өргөн барьж, танилцуулж байна. Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид гээд нийт нийгмийн өргөн төлөөллийг хамарсан уулзалт, ярилцлага, хэлэлцүүлгийг зохион байгуулж, санал нэг бүрийг нухацтай хэлэлцэж үзлээ.
Хуулийн төслийг зөвшилцлийн хүрээнд хууль тогтоох дээд байгууллагын хувьд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллалаа. Сүүлийн 1 гаруй жил хэлэлцэгдсэн үндсэн асуудлууд орсон бөгөөд 36 заалт өөрчлөгдсөн байна. Эдгээр өөрчлөлтөөр засаглалын тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх суурь зарчмуудын хүрээнд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг засаж сайжруулсан. Таны хэлж байсанчлан байгалийн баялаг ард түмний мэдэлд байж, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногддог байх зарчим тусгагдсан.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх бодлогын уялдаа холбоо, залгамж чанар, нэгдмэл бөгөөд тогтвортой байдлыг хангасан заалт орсон. Хууль санаачлах эрхийн болон ард нийтийн санал асуулга явуулах хүрээ хязгаарыг тодорхой болгосон. Улс төрийн намууд бодлого дэвшүүлж ажиллах үйл ажиллагааны үндсэн зарчим, санхүүгийн эх үүсвэр, зарцуулалт ил тод байх зарчим тусгагдсан. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах замаар иргэдийн шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сайжруулна" хэмээн онцоллоо.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг танилцуулсны дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн уг эхийг нотолж, баталгаажуулах ажлыг ёслол төгөлдөр зохион байгуулж өгнө үү хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүсэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгч Х.Баттулгад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслийг биечлэн хүргэлээ.