| | USD/MNT 0₮
Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 8 хувьд хүргэх; урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан үзээд банкны салбараас эдийн засгийн бодит секторт олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн болно. Тухайн шийдвэр, арга хэмжээ нь инфляцын зорилтыг хангаж, эдийн засгийн уналтыг сааруулан, улмаар сэргэлтийг дэмжинэ.
Жилийн инфляц 2020 оны наймдугаар сард улсын хэмжээнд 2.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 1.7 хувьд хүрч буурав. Ирэх саруудад инфляц суурь үеийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэх хэдий ч, өнөөгийн бага түвшинд хадгалагдаж, ирэх жилүүдэд зорилтот түвшнээс давхааргүй байна. Эдийн засаг “КОВИД-19” цар тахлын нөлөөгөөр 2020 эхний хагаст 9.7 хувиар агшсан нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тохиолдоогүй, хүлээлтээс давсан огцом уналт боллоо. Гэхдээ мөнгөний болон сангийн бодлогын арга хэмжээнүүд, гадаад орчны сэргэлттэй холбоотойгоор энэ оны сүүлийн хагаст эдийн засгийн уналт саармагжиж, ирэх онд сэргэх төлөвт шилжихээр байна.
“КОВИД-19” цар тахлын нөлөөгөөр глобал эдийн засгийн идэвхжил энэ оны эхний хагас жилд огцом унасны дараа хоёрдугаар хагасаас тогтвортой бус байгаа ч сайжирсан төлөвтэй байгаа. Энэ нь хөрөнгийн захын үнэ, эрдэс бүтээгдэхүүний үнэ, худалдааны идэвхжил зэргээс харагдаж байна. Гэвч гадаад, дотоод эдийн засгийн цаашдын төлөв нь вирусийн тархалтыг хяналтандаа оруулахаас хамаарч байгаа тул тодорхой бус байдал өндөр хэвээр байна. “КОВИД-19” цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд нь дотоод эдийн засгийн уналтыг сааруулах, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлж байна. Цаашид ч банк, өрх, аж ахуйн нэгжийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжихийн зэрэгцээ банкны системийн зээлийн тасалдал үүсэхээс сэргийлсэн арга хэмжээнүүдийг авч ажиллана.
МОНГОЛБАНК: Эдийн засаг сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тохиолдоогүй, огцом уналтад орлоо