| | USD/MNT 0₮

Монгол улс гаднынхны мөнгө угаадаг "үүр" болжээ

Манай улс гадныхны мөнгө угаадаг “үүр” болоод уджээ. Хэрэв уншигч та бүхэн санаж байгаа бол 2019 оны 10 дугаар сарын 29-ний шөнө хэрэгжүүлсэн ТЕГ болон ЦЕГ-ын хамтарсан тусгай ажиллагаагаар БНХАУ-ын 800 иргэнийг зохион байгуулалттайгаар манай улсад оруулж ирэн, гэмт бүлэглэл байгуулж, мөнгө угаасан, бусдыг залилан мэхэлсэн хоёр ч бүлгийг илрүүлсэн.

Одоо БНХАУ-ын иргэн Лью Тин Хуа нарын 15 хүнд холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цагт товлож шийдвэрлэсэн.

Тэгвэл зөвхөн Хятадуудаар тогтохгүй бусад улсын иргэд ч мөн манай улсад мөнгө угаахаар ирж, их хэмжээний татвараас зайлсхийсэн тохиолдлууд ч цөөнгүй бий.

БАРИМТ 2: ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдсон ОХУ-ын иргэнд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, шүүхээр гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор шилжүүлсэн байна.

ОХУ-ын иргэн А.В.Самохин Кипр улсын хөрөнгө оруулалттай “Валестия” гэх компанийг 2011 онд манай улсад байгуулсан аж. Гадаад худалдаа эрхлэх, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг дээрх компани манай улсын арилжааны банкуудад төгрөг, ам.доллар, рубль, еврогийн данс нээж, 2015-2019 онд 54 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют хүлээн авчээ. Улмаар түүнийгээ оффшор бүсэд бүртгэлтэй Кипр, Беларусь зэрэг 10 улс руу шилжүүлж, 13 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн байж болзошгүй үйлдэлд түүнийг буруутган шалгасан юм.

Албан бус эх сурвалжуудаас авсан мэдээллээр ОХУ-ын иргэний угаасан байж болзошгүй гурван тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг битүүмжилсэн аж. “Валестия” компанийн захирал ОХУ-ын иргэн А.В.Самохин нь манай улсад анх цөөн хоногоор ирж байсан бөгөөд тухайн үедээ 16.2 сая ам.доллар бэлнээр болон гадаад гүйлгээгээр 10 орон руу шилжүүлж байснаас гадна арилжааны банкууд дахь өөрийн дансандаа хийчихээд буцдаг байсан нь тогтоогдсон гэдэг.

БАРИМТ 3: Латви улсын иргэн Подлеснижс Игорс манай улсад “Аба” нэртэй аж ахуйн нэгж байгуулж, түүнийхээ дансанд гадаад улсаас эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний валют хүлээн авч угаасан байж болзошгүй талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархсан. Түүний үүсгэн байгуулсан компанийн ХААН, Худалдаа хөгжлийн, “Голомт”, “Кредит” банкны дансанд ОХУ, Болгар, Узбекистан зэрэг 13 улсаас эх үүсвэр нь тодорхойгүй таван сая евро, дөрвөн сая ам.доллар орж ирснээс гурван сая орчим евро, 300 мянган ам.доллар үлдсэнийг хууль хяналтын байгууллагынхан царцаагаад байгаа юм билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр “Аба” компанийн дансанд орж ирсэн эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний валютыг бусдыг залилан мэхэлж олсон орлого гэдгийг манай хууль сахиулагчид тогтоогдоод буй аж.

Тэгвэл Латвийн иргэн болон түүний ойрын хүмүүс манай арилжааны банкууд дахь “Аба” компанийн дансанд байгаа мөнгийг царцаасан хууль хяналтын байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулахаар хөөцөлдөж, албан тушаалтнуудад 100-200 сая төгрөг өгөхөөр амласан гэх мэдээлэл ч байна. Юутай ч хууль сахиулах байгууллагынхан Подлеснижс Игорс тэргүүтэй хүмүүсийн үйлдлийг анхааралтай ажиглаж буй бололтой.

Монгол улс гаднынхны мөнгө угаадаг "үүр" болжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.