| | USD/MNT 0₮
ГХЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар хэлэхдээ "Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15-16-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр болж байна. Айлчлалын үеэр хоёр улсын гадаад хэргийн сайд нар албан ёсны хэлэлцээ хийнэ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И төрийн гурван өндөрлөгт бараалхана. Айлчлалын гол зорилго нь хоёр талын бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах, ялангуяа цар тахлын улмаас худалдаа, эдийн засагт үүсээд буй хүндрэл бэрхшээлийг даван туулахад энэ удаагийн уулзалт хэлэлцээ үр дүн авчрах ёстой. Мөн хоёр орны дээд түвшний айлчлалын харилцан давтамжийг хадгалахад оршиж байгаа.
Цар тахал дэгдсэнээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчилж, стратегийн ач холбогдолтой улсдаа сэтгэл санааны болон бусад төрлийн дэмжлэг тусламж үзүүлсэн. Энэ нь хөрш орнуудын хоорондын харилцаанд түлхэц болсон арга хэмжээ болсон. Энэ айлчлалын хариу барьж байгаа айлчлал нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал юм.
Дараагийн гол ярих ёстой сэдэв бол худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх чиглэлд гарч буй ахиц дэвшлийг бататгах явдал юм. Мөн бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Айлчлалыг өндөржүүлсэн бэлэн байдалд зохион байгуулах тул халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, аль болох цөөн хүн оролцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Түүнчлэн уул уурхайн болон бусад бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээний талаар хоёр тал ярилцах шаардлагатай байгаа.
Айлчлалын үеэр хоёр талын хамтын ажллагааны баримт бичигт гарын үсэг зурна" гэв.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал: Айлчлалын бүх төлөөлөгчдөд PCR шинжилгээ хийх бөгөөд шинжилгээний хариуг 6-8 цагт багтаан гаргахаар төлөвлөсөн байгаа.
Айлчлалын бүрэлдэхүүнд багтаж ирсэн хүмүүсийн байрлах байранд ЗӨСҮТ-өөс урьдчилан ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Ингээд айлчлал дууссаны дараа тэдэнд үйлчилсэн иргэд, арга хэмжээнд оролцсон хүмүүсийг Монгол Улсад мөрдөгдөж буй журмын дагуу тусгаарлана. 14 хоног тусгаарлана.
Манай улсад айлчлах БНХАУ-ын айлчлалд оролцсон хүмүүсийг 14 хоног тусгаарлана